Цаг үеийн мэдээ

Өвөрхангай аймгийн Хужирт суманд өнөөдөр 17 цаг 25 минутад орсон хүчтэй аадар борооны улмаас Хужирт гол үерлэж сумын төвийн шунхлай 5 дугаар багийн голын дагуух айл өрх усанд автсан дуудлагаар Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид ажиллаж байна.

Сумын төвөөр урсдаг голын  усны түвшин нэмэгдэж байна.

ОЙРЫН ӨДРҮҮДЭД БОРООТОЙ ТУЛ ҮЕР, УСНЫ  АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орох тул жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин дахин нэмэгдэж, богино хугацаанд үерийн хэмжээ ихсэх магадлал өндөр байгаа тул үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 

ҮЕР УСНЫ АЮУЛААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ? 

- Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах

- Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах

- Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх

- Үерийн аюултай бүс нутгаас нүүх

- Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих

- Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх

- Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны орчимд тоглуулахгүй, орхихгүй байх

- Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах, 

- Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах

- Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг анхааруулж байна.

Таны сурталчилгаа