Цаг үеийн мэдээ

Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн осол, хэргийн улмаас хүний амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх зорилгоор улсын хэмжээнд “НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ” нөлөөллийн аяныг эхлүүлсэн билээ. 

“Орон нутгийн соёл-2023” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохиогдож буй тус аянд ЗХЖШ болон Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын алба нэгдлээ. 

Энэ хүрээнд “Нэг зам-нэг соёл”-аяныг замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, явган зорчигчдод сурталчлан таниулах зорилгоор хөгжимт парадыг өнөөдөр зохион байгууллаа.

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онуудад хэрэгжүүлсэн “Яараад яахав дээ”, “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” зэрэг ухуулга, нөлөөллийн аяны үр дүнд зам тээврийн ослын тоо 8-50 орчим хувиар буурчээ. 

Иймд энэ удаагийн аянд ч тээврийн хэрэгслийн ард суусан жолооч бүр нэгдэж, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, хариуцлагаа нэмэгдүүлэх, дүрмийн талаарх ойлголт мэдлэг, хандлагаа дээшлүүлэх, бусдын амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулахыг Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын албанаас уриалж байна.

Таны сурталчилгаа