Цаг үеийн мэдээ

Монголын хөгжмийн урлагийн нэгэн том төлөөлөгч Төрийн шагналт,  Урлаг судлалын ухааны доктор, дэд профессор, хөгжим судлаач, хөгжмийн зохиолч Сүрэнгийн Соронзонболд таалал төгсч, түүний оюун санаа, билиг оюуны охь хүрч байсан салбар бүрт том гарз тохиолоо. 

С.Соронзонболд 1992 онд ЗХУ-ын Свердловск хотын Хөгжмийн дээд сургууль, Хөгжмийн зохиолч (бакалавр, магистр)  2002 онд СУИС, “Цогт тайж” киноны хөгжмийн судалгаа” сэдвээр урлаг судлалын ухааны доктор (Ph.D) цол тус тус хамгаалсан юм. 

Монгол Улсын Төрийн шагналт /2006/, Монголын Хөгжмийн Зохиолчдын Эвлэлийн 2 удаагийн шагналт /1985, 2010/ нэрт хөгжмийн зохиолчийн өвөрмөц хэллэг эгшиглэгээтэй түүхэн бүтээлүүд, докторын  ажил нь болох "Цогт тайж" киноны хөгжмийн судалгаа дүгнэлт, 2008 онд туурвисан "Монголын хөгжим XIII зуун" түүхэн ном, Төрийн шагнал хүртсэн "Эзэн сүлдийн сан" төгөлдөр хуурын вариаци, "I  симфони", ардын хөгжимд зориулсан "Арын сайхан хангай" уран сэтгэмж гээд олон сайхан бүтээл нь мөнхөд эгшиглэх болно. Мөн түүнийг хүний хувьд эгэл даруухан, чимээгүйхэн хэрнээ бүтээгчийн хувьд тун чиг чимээтэй хөгжмийн зохиолч байсныг урлагийн зүтгэлтнүүд дурсан байна. 

Гүн өргөн мэдлэгтэй, авьяас чадвартай эгэл бөгөөд энгийн даруу уран бүтээлч С.Соронзонболд Монголын Мэргэжлийн хөгжмийн урлагт асар их дэвшил авчирсан эрхэм байлаа.  Монголын хөгжмийн урлагийн алдартай төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч таны эрдэм сургааль, үйлс зүтгэл, гэгээн дүрийг үргэлж санаж, мөнхийн бүтээлүүд тань үргэлж эгшиглэх болно.

Гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.

Таны сурталчилгаа