Цаг үеийн мэдээ

Цагдаагийн ерөнхий газраас Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны “Мансууруулах бодис, хууль сахиулах асуудал эрхэлсэн олон улсын товчоо”, мөн улсын “Хар тамхитай тэмцэх алба”-тай хамтран зохион байгуулсан “Хар тамхитай тэмцэх үйл ажиллагаа, мөрдөн шалгах нь” сэдэвт сургалтын хаалтын арга хэмжээ 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж, сургалтад хамрагдсан алба хаагчдад сертификат гардууллаа.

Уг арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Эрдэнэдалай, Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Давааням, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд сайд Маттью Ференс, тус Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн атташе Жоел Ортез, Мөрдөх ажил хариуцсан атташе Роберт Гуденкауф, Америкийн нэгдсэн улсын Хар тамхитай тэмцэх албаны тусгай агент-сургагч багш Верак Сим, тус Элчин сайдын яамны Хууль сахиулах ажлын зөвлөх П.Даваажаргал нар болон бусад сургагч багш, сургалтад хамрагдсан алба хаагчид оролцлоо.

Сургалтаар хар тамхи, мансууруулах бодис худалдан борлуулж олсон хууль бус хөрөнгийг тодорхойлох, үнэлэх, хянах, хураах тухай, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаа эрхэлдэг гэмт бүлэглэлийн мөнгө угаах үйл ажиллагааг илрүүлэх, дүн шинжилгээ хийх, эрэн сурвалжлах арга, гэмт этгээдийн ашигладаг өвөрмөц аргыг илрүүлэх зэрэг алба хаагчдын ур чадварыг дээшлүүлсэн, онол-практик хослуулсан онцлог сургалт болж өнгөрлөө.

Таны сурталчилгаа