Цаг үеийн мэдээ

2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдах “Эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх нь” сэдэвт энхийг сахиулах ажиллагааны дээд хэмжээний чуулганд Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагч ахмад Л.Болормаа илтгэл тавихаар шалгарлаа.

Энэхүү дээд чуулганд НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүүн, БНСУ дахь НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын төвийн захирал хатагтай Жонгмин Лее, Канад Улсын Жанжин штабын дарга генерал Вайнэ Айр, Австрали Улсын хошууч генерал Черил Пиерс, Балба Улсын хошууч генерал Шахадев Хадка, Норвеги Улсын хошууч генерал Ингрид Гэрде нар оролцож, энхийг сахиулах ажиллагаа дахь эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх хүрээнд гурван хэлэлцүүлгийг өрнүүлэх юм байна. 

Ахмад Л.Болормаа нь БНСУ-ын Сөүл хотноо 2023 оны 09 дүгээр сарын 04-22-ны өдрүүдэд НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллага болон НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Нэгдсэн сургалтын албанаас хамтран зохион байгуулж байгаа “Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх эмэгтэй цэргийн алба хаагчдын дамжаа”-нд хамрагдаж байгаа бөгөөд хамт суралцаж байгаа Монгол, Австрали, Балба, Бангладеш, БНСУ, БНЭУ, Вьетнам, Индонез, Малайз, Пакистан, Тайланд, Шри Ланка гэсэн 12 орны 24 офицероос шалгарч, төгсгөлийн шатны дээд хэмжээний чуулганд илтгэл тавихаар сонгогджээ. 

Үүний тулд НҮБ-ын зохион байгуулагч талаас Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабт Монгол офицер дээд чуулганд илтгэл тавихаар шалгарсныг албан ёсоор мэдэгдэж, зөвшөөрлөөр баталгаажуулсан байна. 

Ахмад Л.Болормааг шалгарахад түүний ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэсэн туршлага, тэр дундаа эхлээд Зэвсэгт хүчний цэргийн багийн бүрэлдэхүүнд, дараа нь цэргийн ажиглагч болон холбогч офицероор өгсөх шаталсан зарчмаар ажилласан нь зохион байгуулагчдын анхаарлыг татжээ. Мөн түүний олон улсын сургалт дадлагад оролцогч, орчуулагч, сургагч багш зэрэг олон хэлбэрээр оролцсон туршлага, англи хэлний мэдлэг өндөр, илтгэх ур чадвар сайн зэрэг нь нөлөөлсөн байна. 

Хамгийн гол нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдын тоогоороо дэлхийд тэргүүлж, эхний байруудыг дараалан эзэлж буй Бангладеш (7279), Балба (6299), Энэтхэг (6097), Пакистан (4337) зэрэг 4 улсын дэд хурандаа цолтой, команд штабын коллеж төгссөн эмэгтэй офицеруудаас тэрээр ялгарч чадсанаараа хамгийн онцлог нь юм. Нөгөө талдаа НҮБ-ын удирдлагуудаас гадна БНСУ-ын төр засгийн төлөөлөл оролцсон энэхүү дээд чуулганаар Монгол офицер илтгэл тавьж хэлэлцүүлэх нь Солонгост ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн нэр хүнд, байр суурийг өсгөхөд дөхөм болно гэж зарим албаныхан үзэж байна. 

Ахмад Л.Болормаа дээд чуулганд “Залуу эмэгтэй офицеруудын үзэл бодол, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үед болон цаашид алба үүргээ гүйцэтгэх үед тэдний ур чадварыг хэрхэн нэмэгдүүлэх вэ” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлнэ. 

Ташрамд дурдахад, өдгөө явагдаж байгаа “Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх эмэгтэй цэргийн алба хаагчдын дамжаа”-г өөрийн нутагт зохион байгуулах хүсэлтээ БНСУ-ын Үндэсний Батлан хамгаалах яамнаас НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллагад илгээснээр НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Нэгдсэн сургалтын албатай хамтран явуулж байгаа нь энэ билээ. 

 Дамжаа нь одоо болон цааш ирээдүйд явагдах энхийн ажиллагаанд гарч болзошгүй саад бэрхшээлийг даван туулж, үүрэг гүйцэтгэх өндөр чадамжтай, өгөгдсөн цагийн байдалд хариу арга хэмжээ авах чадвартай цэргийн эмэгтэй штабын офицерууд бэлтгэх, үүрэг гүйцэтгэх цэргийн эмэгтэй алба хаагчдын тоог нэмэгдүүлэх, тэднийг улам хүчирхэгжүүлэхэд чиглэжээ. Урт хугацааны зорилго нь НҮБ-ын энхийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн эмэгтэй алба хаагчдын мэдээлэл бүхий сан бүрдүүлэх, штабын офицер, цэргийн ажиглагч офицер, цэргийн холбогч офицероор үүрэг гүйцэтгэх, ялангуяа ахлах албан тушаал болох Хүчний төв штабт нэгжийн дарга, сектор командлагч, мөн Хүчний командлагчийн албан тушаалд ажиллах цэргийн эмэгтэй алба хаагчдад шаардлагатай мэргэжлийн ур чадвар олгох явдал ажээ.

                                                                 Ахмад Д.БОЛОР

Таны сурталчилгаа