Цаг үеийн мэдээ

Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтран хэрэгжүүлж байгаа “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн “Мал эмнэлгийн үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд НҮБ-ын ХХААБ-ын зөвлөхүүд мал эмнэлгийн лабораториудын ISO/IEC 17025:2017-ын чанар хангалтыг сайжруулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. 

Олон улсын болон үндэсний мэргэжилтнүүдээс бүрдсэн зөвлөх баг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ), Өвөрхангай, Хэнтий аймгийн Мал эмнэлгийн лабораториудын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, чанар хангалтын баримт бичгийн бүртгэл, хяналтыг сайжруулах, холбогдох журмуудыг шинэчлэх зорилготой ажиллаж байна. 

Энэхүү ажлын хүрээнд ISO/IEC 17025:2017 стандартын шаардлагууд, Лабораторийн аюулгүй байдлыг үнэлэх арга зүй эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулж, төслийн зорилтот 8 аймаг, УМЭАЦТЛ, Нийслэлийн мал эмнэлгийн лабораторийн нийт 22 албан хаагч  хамрагдлаа.

Мөн зөвлөх баг мал эмнэлгийн сонгогдсон мал эмнэлгийн лабораториудыг ISO/IEC 17025:2017, буюу “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага”-д нийцүүлж давтан итгэмжлэл авахад дэмжлэг үзүүлэх юм. 

Үүний үр дүнд сонгогдсон лабораториуд олон улсын стандартын шаардлагыг хангахад түлхэц болох ба ингэснээр Монгол улсын мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, олон улсын худалдааны чөлөөт байдлыг хангах нөхцөл бүрдэх юм.

Таны сурталчилгаа