Яг одоо л барилаа, яг одоо л хариуцлага тооцлоо, яг одоо л, яаг одоохон гэсээр байтал санхүү мөнгөний луйврын том том хэргүүд сунжирсаар, он цаг улирсаар, олон жил өнгөрсөөр байдаг.
“Сахал” хэмээх Д.Эрдэнэбилэгийн бүлэглэлийн төрийн өнгөтэй өөдтэй, үйлдвэр аж ахуй, өмч хөрөнгө, өрөм тос шиг орд газруудтай нь тонон дээрэмдсэн зууны хамгийн том луйврын хэргийн шүүх хурал энэ сарын 21-нд болох гэж байна. Сахалтай толгой нь байхгүй ч, сахлын үс гэмээр 20 хүн, 2 хуулийн этгээд шүүхийн тавцанд хүргэгдэж, гэм зэм, гэсгээл шийтгэл нь дэнслэгдэх юм. Бүлэглэлийн толгойлогч Д.Эрдэнэбилэг өнгөрсөн цагаан сараар гялс биеэ үзүүлчихээд буцаад ирье гэж хэлээд, 3 тэрбум төгрөг барьцаанд тавиад, Сингапур яваад тэндээ үлдсэн. Сахал хэмээх Д.Эрдэнэбилэгийн санхүү мөнгөний гэмт хэрэг 322 хавтас дүүрэн, дуусдаггүй олон ангит кино шиг урт тул зөвхөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн тонуулыг онцлон хөндөж байна.
Зөвхөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрт учруулсан хохирол нь 2,2 их наяд төгрөгтэй нь харьцуулбал бултахдаа барьцаалсан 3 тэрбум нь хохирлынх нь 0,2 хувьд нь ч хүрэхгүй. 220 мянган төгрөг дээрэмдсэн хүн 300 төгрөг барьцаанд тавиад хилээр гарч явахыг шүүх зөвшөөрсөн учир хэргийг нь тусгаарласан. Эрдэнэтийн 49 хувийг төрийн өөрийнх нь мөнгөөр өөртөө авсан, Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент, Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 33,4 км төмөр зам тавихдаа онц их хэмжээний хохирол учруулсан бүлэг гэмт гэмт хэргийг 3 жилийн өмнөөс шүүн хэлэлцэхээр болсон ч толгойлогч нь оргон зайлсан гэх шалтгаанаар замын түгжрэл шиг гацаа бөглөөнд ороод байсан юм.
Д.Эрдэнэбилэгийн “Кью Эс Си” гэх ганцхан арьсан цүнхэнд багтдаг, айлын гэрийн хаяган дээр байршдаг, тамга, гэрчилгээнээс өөр хөрөнгөгүй компани дэлхийн төмрийн аварга том корпорациудыг ялсан мэт жүжиг зохиож, 1 өдрийн дотор шалгаран, 2014 онд 1500 ажиллагчтай, гурван төмрийн ордтой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концесс нэрээр үнэгүйдүүлэн авсан. Ган төмөрлөгийн цогцолбор барьж ашиглаж байгаад улсад буцааж өгөх нь бүү хэл ядаж шавыг нь ч тавьж, хадаг, цай ч боловч газарт булж, лам хар ч залаагүй. Харин Төмөртэйн ордын нөөцийг ёроолд нь тултал ховх сорж, төмрийн хүдэр түүхийгээр нь Хятад руу зөөн, 1,8 их наяд төгрөгийн орлого олсон. Төмрийн хүдэр Хятадад зарж, 1,8 их наяд төгрөг цөм хийсэн атлаа улсад 353 тэрбум төгрөгийн татварын өртэй. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, газар, хүдэр зэргийг нь барьцаалан хувийнхаа ХХБ, Улаанбаатар хотын банкнаас 500 гаруй тэрбумын төгрөгийн зээл авсан ч мөнгө нь бол “Кью Эс Си”-гийн дансанд орсон. Таны өмч хөрөнгийг барьцаалж зээл авсан ч мөнгө нь Таны дансанд ороогүй гэсэн үг. Гэхдээ болоогүй, Та зээлийн хүү, төлбөрийг төлсөн гэсэн үг. Ийм л юм болсон байна. Энэ мэт тоочиж дуусашгүй элдэв санхүүгийн арга залиас болж улс буюу Та бид 2,2 их наяд төгрөгөөр хохирсон. Төмөрлөгийн үйлдвэрийн 15 сая доллараар Оросоос вагон авсан. Төмөрлөгийн үйлдвэр өөрийнхөө мөнгөөр авсан вагонаа Д.Эрдэнэбилэгийн төрсөн эгчийн хувийн “Төмөр замын төслийн институт” сүртэй том нэртэй компанид түрээс төлдөг байсан. Та өөрийнхөө мөнгөөр машин авчихаад, бусдад нэмж түрээс төлж унана гэвэл яах уу? Яг л тийм юм болсон байна.
“Кью Эс Си” төмөрлөгийн үйлдвэрийг концессоор үнэгүй авчихаад нэмж, менежмент хийнэ, техникийн туслалцаа үзүүлнэ, зөвлөгөө өгнө гэж сард 2,5 сая доллар, улиралд 10 сая доллар авч байсан. Төмрийн хүдрийг түүхийгээр нь зөөхийн тулд зээл авч, Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэл 33,4 км төмөр зам тавьсан. Угаасаа улсад ашиглаж байгаад үнэгүй буцааж өгөх ёстой төмөр замаа улсаас нь зээл авч 40 тэрбумаар бариад, 112 сая доллар буюу өнөөгийн ханшаар 700 тэрбумаар 16 дахин өндөр үнээр нугалан буцааж шахсан.
Д.Эрдэнэбилэгийн баг мааш том бүлэглэл гэдгийг яллагдагчаар татагдсан хүмүүсийн намтар түүхээс харж болно. Эдийн засгийн хөгжлийн сайд асан “фортуна” Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Зам тээврийн сайд асан Д.Ганбат, Сангийн сайд асан, өнөөдрийн орос 3-р сургуулийн захирал Д.Болор гэсэн дөрвөн сайдтай. ТӨХ-ны дарга, ҮХЦ-ийн гишүүн асан Д.Сугар, Ц.Нанзаддорж гэсэн хоёр хүн. Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, ХХБ-ны захирал Б.Орхон нарын зэрэг санхүүгийнхэн бас байна. 20 хүн, 2 компанид яллах дүгнэлт үйлдсэн 322 хавтастай зууны том хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ирэх 7 хоногийн мягмар гарагаас хэлэлцэж эхэлнэ.