Эквадорын Гуаякил хотын төв телевиз рүү шууд дамжуулалтын үеэр зэвсэглэсэн бүлэг этгээд халдсан байна. Баг өмсөж нүүр царайгаа нуусан 10 гаруй этгээд Гуаякил хотын телевиз рүү дайран оржээ. Бүлэг этгээдүүд телевизийн сурвалжлагч, ажилтнуудыг барьцаалан заримынх нь толгойд буу тулгах зэргээр айлган сүрдүүлсэн байна. Удалгүй цагдаа хүчнийхэн ирж гэмт этгээдүүдийг баривчлан саатуулжээ.
Эквадор улс нь АНУ, Европ руу хууль бусаар мансууруулах бодисыг тээвэрлэх гол гарц учраас зохион байгуулалттай гэмт бүлэглэл, картелууд тус улсын боомтуудыг эрх мэдэлдээ авч, хууль бусаар мансууруулах бодис тээвэрлэж, мөнгө угаах хэрэгсэл болгосоор иржээ. Өнгөрсөн ням гарагт хууль бус хар тамхины бүлэглэлийн хамгийн нөлөө бүхий удирдагч Фито хочит Хосе Адольфо Макиас шоронгоос оргосны дараа ийнхүү улс даяар тэмцэл мөргөлдөөн ширүүссэн байна.
Эквадорын нийслэл Кито хот болон эрсдэлтэй бүс нутагт 22,400 цэргийг хамгаалалтад гаргаж, аюулгүй байдлыг өндөржүүлэн хамгаалж байна. Тус улсын Ерөнхийлөгч Даниель Нобоа улс даяар онц байдал зарлаж, шөнийн цагаар хөл хорио тогтоожээ. Өнөөдрийн байдлаар ойрын өдрүүдэд ширүүссэн тэмцлийн улмаас 16 хүн нас барсан байна. Эквадорын хорих газруудад эсэргүүцлийн бослого гарч, гэмт этгээдүүд олон нийтийн газарт бөмбөг тэслэх зэргээр мөргөлдөөн ширүүсжээ.
Ерөнхийлөгч Нобоа терроризм болон зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн эсрэг тэмцэх ажлын хүрээнд цоо шинэ чанга дэглэмтэй хорих газрын загварыг олон нийтэд дэлгэн танилцууллаа. Энэ үеэрээ Ерөнхийлөгч гэмт этгээдүүдтэй хийж буй дайнд бууж өгөхгүй гэдгээ илэрхийлсэн байна.