Цаг үеийн мэдээ

Израил болон Палестины Хамас бүлэглэл Катар, Франц улсуудын зуучилснаар Газад хүмүүнлэгийн тусламж, барьцааны иргэдэд эм бэлдмэл хүргэх тохиролцоонд хүрсэн байна. Израил болон Хамас бүлэглэлийн харилцан зөвшилцсөнөөр Газын оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж хүргэх цуваа өнөөдөр буюу лхагва гарагт Катарын нийслэл Доха хотоос хөдөлж, Газтай хил залгаа орших Египет улсын нутаг дэвсгэрийг чиглэнэ. Газад хүмүүнлэгийн тусламж очих үед Хамасын барьцааны иргэдэд эм эмнэлгийн хэрэгсэл хүрнэ гэж тооцоолж байна.

Хамас бүлэглэл өнгөрсөн оны аравдугаар сарын 7-ны өдөр Израил руу довтлох үеэрээ 240 орчим хүнийг барьцаалсан. Эдгээр барьцааны иргэдийн зуу орчмыг талууд түр гал зогсоох хэлэлцээрийн үеэр сулласан бөгөөд одоо 132 хүн барьцаанд үлдсэн гэж үзэж байгаа юм. Газад дайн эхэлснээс хойш Израилын тал 1,300 хүнээ алдсан бол Палестины 24,000 гаруй хүн амь үрэгдсэний дунд олон тооны хүүхэд, эмэгтэйчүүд зэрэг энгийн иргэд байна. Палестины албаны хүмүүсийн мэдээлснээр Газын оршин суугчдын 85 хувь нь орон гэрээ орхин дүрвэжээ. 

НҮБ-ын зүгээс Израилыг энгийн номхон иргэд рүү халдахгүй байхыг хүсэж байгаа. НҮБ-аас гадна дэлхийн олон улс орон Израилыг Газ дахь довтолгоогоо түр ч болов зогсоохыг шахаж байна. 

Таны сурталчилгаа