Цаг үеийн мэдээ

Энэтхэг улсын Гужарат мужийн сургуулиас зохион байгуулсан аялалд хамрагдаж байсан сурагчдын завь хөмөрч живсэн байна. Вадодара хотын Харани нуурт болсон ослын улмаас 15 хүн амь үрэгдсэний 13 нь тус сургуулийн сурагчид, үлдсэн хоёр багш байжээ.

Осол гарах үед завин дээр нийт 27 хүн байсны 10 орчмыг нь аварч чаджээ. Одоогоор завь живсэн шалтгаан тодорхойгүй байна. Амьд үлдсэн хүмүүсийн яриагаар завин дээр байсан зорчигчдод аврах хантааз өмсүүлээгүй байжээ. 

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди уг ослын улмаас амь үрэгдсэн хүүхдүүд, багш нарын ар гэрт эмгэнэл илэрхийлж байгаагаа цахим платформд илэрхийлсэн байна. Гужарат мужийн тэргүүн сайд Бупендра Пател хохирогчдын ар гэрийнхэнд мужийн захиргаанаас нөхөн төлбөр олгохоор болсныг мэдэгджээ. Уг ослын үеэр амь үрэгдсэн багш сурагчдын ар гэрт 400,000 рупи буюу ойролцоогоор 5,000 ам.доллар, харин бэртэж гэмтсэн хүмүүсийн ар гэрт 50,000 рупи буюу 600 ам.доллар олгох юм байна. 

Энэтхэг улсад завь, усан онгоцны осол гарах нь ховор тохиолдол биш юм. Ихэнх тохиолдолд аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдөөгүй, техникийн аюулгүй байдлыг хангаагүй болон даац хэтрүүлснээс осол гардаг аж. Өнгөрсөн жил Керала мужид завь осолдсоны улмаас 22 хүн амь үрэгджээ. 

Эх сурвалж: BBC.com

Таны сурталчилгаа