Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг сонгох сунгаа Айова мужаас эхэлсэн. Айова мужид явуулсан сунгаанд Америкийн 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Дональд Трамп ялалт байгуулсан. Тус сунгаанд Трамп 51, Десантис 21 хувийн санал авчээ.
Тэгвэл Бүгд Найрамдах намын сунгаанд ялах өндөр магадлалтай нэр дэвшигч Флорида мужийн захирагч Рон ДеСантис Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас нэрээ татаж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр ийнхүү нэрээ татсанаар энэ жилийн сонгуульд Ерөнхийлөгч асан Дональд Трампыг дэмжихээ илэрхийлж байгаа юм.
Энэ долоо хоногт Нью Хэмпшир мужид Бүгд Найрамдах намын сунгаа болохоор товлогдсон. Уг сунгааны өмнөхөн Десантис видео бичлэгээр нэрээ татаж буйгаа гэнэтхэн мэдээлж дэмжигчдээ багагүй цочирдууллаа. Нью Хэмпшир мужид явуулсан урьдчилсан санал хураалтаар Флорида мужийн захирагч нэг оронтой тоотой санал авахаар судалгааны дүн гарсан байна.
Рон Десантис нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн бичлэгтээ өөрийгөө намынхаа сунгаанд ялна гэсэн тодорхой замнал харагдахгүй байгаа гэдгийг хэлжээ. Десантис нэрээ татсанаар Бүгд Найрамдах намын сунгаанд Дональд Трамптай өрсөлдөх цорын ганц хүн хатагтай Никки Хейли үлдэж байна.