АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден сонгуулийн кампанит ажлаа өнгөрсөн амралтын өдөр Өмнөд Каролина мужаас эхэллээ. Мужийн нийслэл Колумбиа хотод Ардчилсан намын гишүүд дэмжигчдэд зориулсан оройн зоог дээр өнөөгийн Ерөнхийлөгч Жо Байден үг хэлсэн байна. Тус мужид сонгуулийн сунгааны санал хураалт ирэх долоо хоногт эхэлнэ. Санал хураалт эхлэхээс өмнө Өмнөд Каролина мужийг Ардчилсан намын кампанит ажлаа эхлүүлсэн эхний муж болсонд Байден талархал илэрхийлжээ.
Мөн тэрээр Өмнөд Каролина бол Трампыг ялагдахад тусалж Ардчилсан намаас шинэ Ерөнхийлөгчийг тодруулж чадсан түүхэн ач холбогдолтой муж болохыг сайшааж магтсан байна. Өмнөд Каролина мужийн Ардчилсан намаас сонгогдсон цорын ганц конгрессын гишүүн Жэймс Клайбөрн тус зоогт уригдан үг хэлсэн ба түүнийг Байден өөрийг нь Ерөнхийлөгч болгосон гол хүмүүсийн нэг гэдгийг онцолжээ.
Ардчилсан намын сонгуулийн кампанит ажил Айова, Нью Хэмпшир гэсэн хоёр мужийн аль нэгээс эхэлнэ гэж таамаглаж байсан ч намын хороо өнгөрсөн жил Өмнөд Каролина мужийг сонгосон байна. Тус мужийн сонгогчид арьс өнгө, эдийн засгийн олон ургалч үзэлд тулгуурлан санал өгөх чадамжтай гэж үзжээ.
АНУ-д энэ оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхлэх гэж байна. Дөрвөн жил тутамд нэг удаа болдог 60 дахь удаагийн тус сонгуулиар америкчууд 47 дахь төрийн тэргүүнээ сонгоно.