Оросын уран гулгалтын спортын од тамирчин Камила Валиевагийн Бээжингийн өвлийн олимпын өмнө 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өгсөн сорьцоос сэргээшний төрлийн хууль бус бодис илэрсэн билээ. Швейцарын спортын арбитрын шүүх 17 настай Камилаг дөрвөн жилийн турш спортын ямар нэг арга хэмжээнд оролцохыг хориглолоо. Хоригийн хугацаа тамирчнаас сорьц авсан өдрөөс эхлэн тоологдож байгаа юм.
Уран гулгалтын од Валиевагаас сэргээшний төрлийн бодис илрэхэд тэрээр ердөө 15 настай байсан аж. Валиевагийн сорьцоос триметазитин нэртэй зүрхний эм илэрсэн ба уг эмийг спортын мэргэжлийн тамирчид хэрэглэхийг хориглодог.
Сорьцын хариу Бээжингийн өвлийн олимпын уран гулгалтын тэмцээн ид өрнөж байх үед гарч дэлхийн нийтийг шуугиулсан. Валиева тэргүүтэй Оросын уран гулгагчид 2022 оны өвлийн олимпын багийн төрөлд тэргүүн байр эзэлж, АНУ хоёрдугаарт, Японы баг гуравдугаарт, Канадын тамирчид дөрөвдүгээрт бичигдсэн байсан. Валиевагийн сэргээшний сорьц эерэг гарсантай холбогдуулан медаль гардуулах ёслолыг хойшлуулаад байсан билээ.