Цаг үеийн мэдээ

АНУ-ын Сенатын шүүхийн хороо дэлхий дахинд үйл ажиллагаа явуулдаг хамгийн олон хэрэглэгчтэй олон нийтийн цахим сүлжээнүүдийн гүйцэтгэх захирлуудыг лхагва гарагт сонсголд дууджээ. 

Facebook-ийг эзэмшдэг Мета компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг, хуучнаар Твиттер буюу Х платформын гүйцэтгэх захирал Линда Яккарино, ТикТок-ын гүйцэтгэх захирал Шоу Зи Чеу, Discord цахим сүлжээний гүйцэтгэх захирал Жэйсон Ситрон болон Snap-ын гүйцэтгэх захирал Эван Шпигель нар сонсголд оролцохоор ирсэн байна. 

Уг сонсгол нь “Өргөн технологи болон Цахим ертөнц дэх хүүхдийн бэлгийн мөлжлөгийн хямрал” сэдэвтэй явагджээ. Америкийн Сенат болон Төлөөлөгчдийн танхимын гишүүд эдгээр таван гүйцэтгэх захирлыг өсвөр насны хүүхдүүдийн амиа егүүтгэх явдал, насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт өртөх зэрэг цахим сүлжээнээс үүдэлтэй аюулаас хамгаалж чадахгүй байна хэмээн зэмлэн буруутгасан байна. Цахим гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдийн ар гэрийнхэн сонсголд байлцжээ.

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй Метагийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг 70,000 орчим ажилтных нь 40,000 нь цахим сүлжээн дэх аюулгүй байдлыг хангахын төлөө ажилладаг гэдгийг уг сонсгол дээр хэллээ. Тэрээр “Та бүгдийн үзэж туулсан бүх зүйлд намайг уучлаарай. Хэн ч ийм зовлон гунигийг туулах ёсгүй учраас бид үүний төлөө маш их хөрөнгө оруулж ирсэн. Бид та бүгдийн туулсан зовлонг дахин хэнд ч үзүүлэхгүйн тулд үргэлжлүүлэн хичээх болно” гэжээ. 

Таны сурталчилгаа