АНУ-ын Засгийн газар Израилын дөрвөн иргэнд хориг тавих саналыг Ерөнхийлөгч Жо Байден зөвшөөрсөн байна. Эдгээр иргэдийг Баруун эрэг дэх палестинчуудын эсрэг халдан түрэмгийлж, хүчирхийлэх үйлдэлд буруутгасан байна.
Хоригийн хүрээнд Израилын иргэдийн АНУ дахь бүх хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийг царцааж Америкийн санхүүгийн системээс хасжээ. Өнгөрсөн жилийн аравдугаар сарын 7-ны өдөр Палестины Хамас бүлэглэл Израил руу довтолсны хариу үйлдлийн улмаас Баруун эрэгт Палестины 370 иргэн амь үрэгдсэн байна. Баруун эрэгт амь үрэгдсэн хүмүүсийн дийлэнх нь Израилын хүчинд хороогдсон ч найман хүнийг Израилын иргэд хороосон гэж НҮБ мэдээлжээ.
АНУ-ын Засгийн газар Палестины иргэдийн эсрэг дайрсан гаднын аль ч үндэстэнд хориг тавих эрх мэдэлтэй гэдгийг энэ удаагийн үйлдлээрээ харуулж байна. Ерөнхийлөгч Жо Байден Мичиган мужид зочлох үеэрээ хоригийг танилцуулжээ. Мичиган нь араб гаралтай америкчууд хамгийн их оршин суудаг Америкийн муж юм. Газад мөргөлдөөн хурцатсанаас хойш араб гаралтай америкчууд Ардчилсан намыг дэмжих нь 59 хувь болж нэмэгдсэн байна. 2020 онд араб гаралтай америкчуудын ердөө 17 хувь нь Ардчилсан намыг дэмждэг байжээ.
АНУ-ын хоригт Израилын иргэд болох 29 настай Дэвид Чай Часдай, 31 настай Инон Леви, 21 настай Енан Танжил, 32 настай Шалом Зичерман нар багтжээ.
Эх сурвалж: BBC.com