Цаг үеийн мэдээ

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн дарга Ү.Оюунзулаас тодрууллаа. 

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд морины зүчээ байна гэдэг мэдээлэл байна. Үүнд та тайлбар өгөхгүй юу?

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 2009 онд байгуулагдахаас өмнө 2005-2006 оны үед иргэн А.Сүхбат өөр нэгэн иргэнээс 1.3 га газрыг худалдаж авсан юм билээ. Түүнийгээ хашаалаад үйл ажиллагаа явуулж байсан. Түүнээс 4-5 жилийн дараа 973 га газрыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болгож хашаалахад тэр газар нь орчихсон. Энэ үйл явдал чимээгүй, ямар нэгэн байдлаар хөндөгдөхгүй явж байгаад 2021 онд тухайн иргэн “Асуудлаа яаж шийдэх вэ” гэдэг асуудал үүссэн. Үүнийг хуулийн дагуу шийдэх ёстой гэдэг байр суурь дээр аль аль талаасаа нэгдээд,

бүх шатны шүүхээр ороод 1.3 га газар бол “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар юмаа. Иргэн А.Сүхбат хүрээлэн дотор байгаа хашаагаа чөлөөлөх ёстой. Байгууламжаа буулгаж ав” гэдэг шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх процесс өрнөөд явж байгаа.

Яагаад дотор нь адуу байгаа вэ гэвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд адуу их хэмжээгээр Туул голоор дамжин орж ирдэг. Зарим иргэд өвс ихтэй болохоор санаатайгаар адуугаа тууж оруулдаг. Нэг шөнөдөө 3-5 азарга адуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбай руу орж ирдэг. Манай харуул хамгаалалтын ажилтнууд ногоон байгууламж, модоо сүйтгүүлэхгүйн тулд тухайн адууг тэр хашаанд түр хашихаас өөр аргагүйд хүрдэг. Тухайн хашаанд 3-5 хоног хашаад адууны эздийг олж, дуудаж хүлээлгэн өгнө. Аль эсвэл Экологийн цагдаа юмуу хороон цагдаад хүлээлгэн өгдөг. Энэ бол сүүлийн 4-5 жил манай дээр байнгын үргэлжилж буй процесс. 

-Анхнаасаа тухайн газрыг тойруулж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг олгосон юм уу. Эсвэл давхардаж олгоод одоо чөлөөлөх процесс явагдаж байгаа юм уу?

-Тухайн газар гэрчилгээгүй байсан учраас тухайн үеийн шийдвэр гаргасан хүмүүс, Газар зохион байгуулах алба бүтнээр олгосон. Хэрвээ тухайн иргэн 2005, 2006 ондоо гэрчилгээ гаргуулчихсан байсан бол яаж шийдвэрлэгдэх байсныг бид мэдэхгүй. Гэрчилгээгүй учраас 973 га газрын гэрчилгээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэр дээр гарчихсан. 

-Цахим орчинд тухайн 1.3 га газрыг аварга А.Сүхбатын газар гэсэн зүйл яваад байна. Энэ талаар тодруулбал?

-Тэр хүний газар ерөөсөө биш.

Гэрчилгээ нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэр дээр байдаг. Бид дэлхийн монголчууд төслийн хүрээнд 12 төрлийн модтой төгөл байгуулах гээд тойруулаад модоо тариад эхэлчихсэн. Хашаа буувал энэ хаврын тариалалтаар модоо тарих төлөвлөгөөтэй байгаа. 

-Та түрүүн А.Сүхбат гэдэг хүнтэй бүх шатны шүүхээр яваад ялсан гэлээ. Тэгвэл тухайн иргэн Монгол Улсын аварга Агваансамдангийн Сүхбат мөн үү?

-Сэтгүүлчид надаас байнга ингэж асуудаг. Бидэнд ирсэн мэдээллээр А.Сүхбат л гэж нэр ирсэн. Яагаад гэвэл тухайн иргэн надтай ирж уулзаагүй. Бидний хувьд хоёр талаасаа харилцан ярилцсан зүйл байхгүй. Шүүх дээр бүх процесс явсан. Манай байгууллагыг төлөөлж манай хуульч явсан. Энэ талаар А.Сүхбат аваргаас өөрөөс нь тодруулбал зөв байх. Би хувь хүн рүү дайраад байх шаардлагагүй. Бүх зүйл шүүхийн процессийн дагуу явж байгаа. Бид одоо яаралтай газраа чөлөөлж авахыг л хүсч байна. 

-Тэрхүү 1.3 га газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан зүйл байгаа юу?

-Байхгүй. Манайхан эзэнгүй адуунуудыг л тэрхүү хашаанд түр хашиж эзэнд нь хүлээлгэж өгөх л үйл ажиллагаа явагдаж байгаа. Дулаан оронгуут яаралтай тэр хашааг буулгуулах л хэрэгтэй байна. Дроны зураг авах, ямар нэгэн үйл ажиллагаа хийх зэрэгт тэр хавь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өнгө үзэмжид хүртэл сөргөөр нөлөөлдөг.  

С.ОТГОН

Таны сурталчилгаа