Даян дэлхийн хаанаас ч далдын хар малгайтан, нүдэнд харагдаж гар баригдахгүйгээр данс, мөнгө, өрөөл бусдаас бүү хэл өөрөөсөө ч нуудаг эрүүл мэндийн зэрэг эмзэг мэдээллийг чинь ухаж төнхөж, хөнжлийг чинь сөхдөг эрин үед Та бид амьдарч байна.
Дэлхийн банкны мөнгөөр хэрэгжих “Цахим эрүүл мэнд” төсөл гацаад зогсохгүй, хувь хүмүүсийн эрүүл мэндийн эмзэг мэдээллийг тавиад туусан байж болзошгүй нөхцөл байдал үүсжээ. Монгол хүний эхээс төрсөн нүцгэн бие, эмгэг өвчин, эрүүл мэндийн эмзэг баримтууд зах дээр зарагддаг бараа болсон байж магадгүй.
Зочид буудлын жуулчны баазын онлайн захиалгын нэгэн сайт 36 мянган монгол хүний хувийн мэдээллийг алдаж, хакеруудын хар зах дээр бараа болон зарагдсан. Нэгэн ББСБ-ын зээлийн аппликейшн хакердуулж, үйлчлүүлэгчдийнх нь нууц түлхүүр зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл алдагдсан. Өөр банканд адилхан нууц үг ашигладаг бол мөнгө санхүүгээрээ хохирох аюул үүссэн байх магадлалтай.
Монгол Улс өнгөрсөн онд кибер аюулгүй байдлыг хамгаалах багц хуультай болж, Кибер аюулгүй байдлын зөвлөл бүрдэн ажиллаж, Цэргийн командлал, Үндэсний төв, Нийтийн төв гэсэн гурван байгууллагын кибер дайчид виртуал ертөнцөд бидний төлөө оюун ухааны тулаан явуулдаг болсон. Муу ч сайн ч тусгаар улс мэдээллийн аюулгүй байдлын шинэ тогтолцоотой болж, дор бүр нь хариу арга хэмжээ авч, элдэв хортой кодыг цэвэрлэж устгаж байлдаж тулалддаг цахим халдлага, гэмт хэрэг огцом өсөж байна. Долоо хоногт дийлэх нь хортой код агуулсан 40-50 мянган халдлага Монгол руу суман мөндөр буулгаж, цахим гэмт хэрэг жилд 8910, өдөрт дунджаар 24 бүртгэгдэж байна.
2019 онд цахим гэмт хэрэг ердөө 15 бүртгэгдэж байсан бол 2023 онд 8910 болж огцом өсжээ. Кибер 10 гэмт хэргийн 8 нь цахим залилан. 2020 онд 189 бүртгэгдэж байсан бол 2023 онд 7905 болсон байна.
Иргэд өөрсдөө сэжигтэй линк, апп, тоглоом зэрэг дээр товшихоосоо өмнө боддоггүй, тунгаалгүйгээр дараад байвал хувийн нууцаа алдаж, хормой сөхүүлж, хөрөнгө мөнгөө цөлбүүлнэ.
Регистр, утасны дугаар, хүүхдийнхээ нэр эсвэл Chinggis99, Mongolia999 маягийн гэнэн тэнэг түлхүүр үг хэрэглээд байвал хэчнээн кибер мэргэжилтэн өмнөөс нь хамгаалаад үр дүнгүй. Хаалгаа үүдээ онгойлгоод, хамаг байдгаа дэлгээд, электрон цоож, мөнгөний сейф, дансныхаа кодыг май намайг дээрэмд, май намайг дарамтал гэсэн шиг гадаанаа наачхаад байвал шокт ортлоо шоглуулж, шонд толгойгоо өлгүүлсээр байх болно. Бод тэгээд товш.