Цаг үеийн мэдээ

Увс аймгийн Өлгий суманд аавтайгаа хонь хариулж явсан 13 настай охин, хониныхоо захад чононд бариулж, тухайн нөхцөлд өөрийн овсгоо самбаагаараа амьд гарч чаджээ. Охины биеийн байдал хэвийн, Аймгийн нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Чоно охины хоёр мөрөн дээр хөлөө тавин хазах гэж оролдох үед баруун гараараа чоныг цохиж аавыгаа шаламгай дуудаж эсэн мэнд гарч чадсан гэнэ.

Энэ тухайгаа охин ярихдаа “Хонь усалж байтал мал гэнэт үргэсэн. Хойшоо хартал юу ч харагдахгүй байсан хэрнээ гэнэт чоно гараад ирсэн. Урд талынхаа хоёр хөлийг миний  мөрөн дээр тавиад зүүн талын мөрийг маань хазах гэж оролдсон. Тэгэхээр нь би баруун гараараа цохьсон юм. Гэтэл миний гарыг хазчихсан. Би дахин дахин цохиж, аавыгаа дуудсан. Аав уурга, чулуу шидсэн” хэмээжээ.

Охинд сумын эрүүл мэндийн төв анхан шатны тусламж үзүүлсэн байна. Улмаар аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын болон гэмтлийн тасгаас шаардлагтай шинжилгээг хийж, галзуугийн вакцинд хамруулжээ. Охины биеийн байдал хэвийн, хүзүү, гар, мөр зэрэг биеийн хэсгүүддээ шархтай. Мөн хазуулсан гаранд гурван оёдол тавьжээ.

Эх сурвалж: Увс телевиз

 

Таны сурталчилгаа