Цаг үеийн мэдээ

Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров-тай уулзав.

Ерөнхийлөгч С.Жапаровын 2023 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал хоёр улсын харилцааг гүнзгийрүүлж, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлснийг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцоллоо.

Мөн хоёр орны найрсаг харилцааг бататгах, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг идэвхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэв.

Төрийн тэргүүнүүд хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж буйг сайшааж, Монгол Улсын Их Хурлын дарга болон Киргиз Улсын Парламент Жогорку Кенешийн дарга нарын 2024 онд хийсэн харилцан айлчлал амжилттай, үр дүнтэй болсныг онцоллоо.

Цаашид уламжлалт найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэн бататгах хүрээнд батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик зэрэг салбарт идэвхтэй, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Киргиз Улсын “Ногоон өв” санаачилгатай уялдуулан Киргизийн жимс, жимсгэний модны суулгацыг Монголд нутагшуулах, Эрдэнэт хотноо “Монгол, Киргизийн найрамдлын төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил идэвхтэй өрнөж буйг талууд сайшаалаа.

Таны сурталчилгаа