Хамтарсан Засгийн газар анхны хуралдаанаа хийж, гаргасан шийдвэрээ танилцууллаа. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Бид хийж байсан төслүүдээ урагшлуулахаар зориглон ажиллана. Аль нэг нам нөгөөтэйгөө өрсөлдөхөөс илүүтэйгээр ард түмнийхээ дунд үүссэн асуудал бэрхшээлүүдтэй энэ Засгийн газар өрсөлдөж, асуудлуудыг шийдэхэд анхаарна гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд илэрхийлсэн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бид УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. Тиймээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлыг албан ёсоор эхлүүлсэн. Энэ нь хамтарсан Засгийн газрын эвийн гэрээ. Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж байгаа улс төрийн гурван намаас бүрдсэн ажлын хэсгийн цаашдаа хэрхэн ажиллах вэ гэдэг гэрээ байгуулна. Энэ гэрээг ХБНГУ-ын сайн туршлага 2021 онд хамтарсан Засгийн газар байгуулагдсан гэрээг бид туршлага болгон судалж байна.
Бид 100 хоногт хийж хэрэгжүүлэх ажлуудынхаа төлөвлөгөөн дээр ажиллаж байна. Тэгэхээр ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаан дээр 100 хоногийн төлөвлөгөө мөн Засгийн газрын хуралдааны дэг журам, баримтлах зарчмуудын холбогдох саналуудыг аваад батална. Үүний үр дүнд илүү хурдтай ажиллах нөхцөл бололцоо бүрдэнэ гэсэн үг. Мөн эрчим хүчний либералчлал, бүсчилсэн хөгжлийн зорилтууд, хүлээгдэж байгаа олон ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг илүү хурдлуулах чиглэлээр ажиллах хамгийн сайн бүтцийг оруулж ирэхээр Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд үүрэг болгосны дагуу ирэх 7 хоногийн хуралдаан дээр анхаарна. Засгийн газрын хуралдаан дээр төр E-Mongolia гэдэг нэг л сувгаар иргэдтэйгээ түргэн шуурхай харьцах нөхцөлийг бүрдүүлье гэдэг үүргийг ЗГХЭГ-ын дарга болон Цахим хөгжлийн сайдад даалгасан. Үүнтэй холбогдуулан бид 100 хоногт Засгийн газрын нэгдсэн порталыг бий болгоно. Үүний үр дүнд “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогуудыг үнэлэх үнэлгээнүүдийг олон нийтэд ил болгоод иргэд ч гэсэн яамдын бодлогуудыг урт хугацааны бодлоготой хэрхэн уялдаж байгааг харьцуулж харах нөхцөл бололцоог бүрдүүлнэ гэж тооцож байна.
С.ОТГОН