Цаг үеийн мэдээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын даваа гарагийн ээлжит ШУУРХАЙ хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд салбарын сайд өнгөрсөн долоо хоногт иргэд, аж ахуйн нэгжээс ирсэн санал хүсэлтийг танилцуулж,  холбогдох газар, хэлтэс, харъяа байгууллагын дарга нарт үүрэг даалгавар өглөө. 

Үүний дараа  яамны газар, хэлтэс, харьяа байгууллагууд өнгөрсөн долоо хоногт хийж хэрэгжүүлсэн ажил, үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа.

САМАР ТҮҮХ ХУГАЦААГ НААШЛУУЛАХ БОЛОМЖТОЙ ЭСЭХИЙГ СУДЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

Хуш модны самар түүх, бэлтгэхтэй холбоотой иргэдээс ирж буй санал, гомдол ихээр гарч байна. 

Ойн дагалдах баялгийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дээд хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр тухайн оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор тогтоодог.  Тэгвэл зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самрын болц гүйцсэн нөхцөлд холбогдох зохицуулалтыг хийж, хугацааг наашлуулах боломжтой эсэх асуудлаар мэргэжлийн байгууллагууд болон иргэд, ААН-үүдийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэг чиглэл өглөө. 

БОУАӨ-ИЙН САЙД С.ОДОНТУЯА ОРОН НУТГИЙН ТОМИЛОЛТОО ГОВИЙН БҮСЭЭС ЭХЛҮҮЛНЭ

Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа орон нутгийн албан томилолтоо энэ сарын 12-оос эхлүүлэхээр боллоо. Салбарын сайд албаны томилолт говийн бүс буюу Өмнөговь, Дундговь аймгаас эхлүүлэхээр төлөвлөлөө.

Тодруулбал, энэ сарын 12,13-нд Өмнөговь аймагт ажиллана. Энэ үеэр "Цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй" олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор төлөвлөөд байна. Мөн тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа салбар байгууллагуудын үйл  ажиллагаатай танилцаж уулзалт хийж, чиглэл өгөх юм. 

Харин энэ сарын 14-нд Дундговь аймагт ажиллах бөгөөд энэ үеэр цөлжилттэй тэмцэх арга хэмжээний  цаашдын чиг хандлагыг тодорхойлох,  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Дундговь аймагт үр дүнтэй зохион байгуулах зорилгоор уулзалт хийж, чиглэл өгөх, мод үржүүлгийн газартай танилцахаар төлөвлөөд байна.

Таны сурталчилгаа