УИХ ураны хуулийг өөрчлөхөөр хэлэлцэж байна. Уран ашиглах талаарх уртын урт дуусаагүй яриа УИХ-ын гишүүн Цэнгүүнийг төрж байхад эхэлсэн. Цэнгүүн хөлд орох үед нь эхэлсэн ярианд гишүүн болоод оролцож байна. Латин Америкийн бүтэлгүй хайр, Солонгосын өшөө авалтын савангийн дууриас урт яриа үргэлжилсээр 27 жил өнгөрсөн байна.
Халтар царайт од байхад, “Халуун хөнжил” гэдэг сонин байхад, гар утас тохойн чинээ байхад, Н.Багабанди гэдэг Еөктэй байхад, С.Зориг амьд сэрүүн байхад, Мобиком подвалд байхад, Ажлын хэсгийн ахлагч Н.Учралыг 11-тэй хүү байхад, Ерөнхий сайдын анхны хайр ирээгүй байхад, Бат-Үүлийг тас хар үстэй байхад Орано группын төлөөлөгчийн газраа Улаанбаатарт нээж байсан.
Ураны талаар Монголд 27 жил уралцаж байхад нэг гараан дээр байсан Казахстан уран нүүдэл хийж, урагшлан үсэрч, цөмийн энергээс цөм ашиг хийж, дэлхийн 43 хувийг дангаараа олборлож байна. Ураны нөөцөөрөө дэлхийн 10 баян орны нэг боловч уралцаж хийрхсээр үлдсэн байна. 2024 онд дэлхийд 93 мянган тонн ураны хэрэгцээ байгаа бол 2050 онд 177 мянган тонн болж, бараг 2 дахин нэмэгдэж, үнэ ханш нь өсөж дээшилнэ гэж Олон улсын атомын агенлаг тооцоолсон байна.
8 хөлтэй ишигний хоол болгоод чанаж идэхгүй, татвар болгоод өгөөж хүртэхгүй, цалин болгоод авч хэрэглэхгүй хов базсаар 27 шинэ жилийг угтсан байна. Дорнодын Мардайд 1985-1990 онд ил аргаар уран авч, нүх цооног нь өнөөдөр ч онгойсон хэвээрээ үлдсэн байхад үхэр мал бүхэн 4 хөлтэй, хүн тус бүр нэгээс илүүгүй толгойтой байна. Монголд олборлох шар нунтгийг шууд пуужинд хийгээд дэлхийг айлгахгүй, 4-р цахилгаан станцын зууханд түлээд гэрэл цахилгаан гаргахгүй. Цөмийн эрчим хүчний түүхий эд. 1 кг уранаас 1000 тонн, 16 вагон нүүрс шатаасантай тэнцэх эрчим хүч гардаг.
Н.Алтанхуяг Ерөнхий сайдаас хойш Засгийн газар, ШУА, байгаль орчин, мал эмнэлэг, олон улсын атомын энергийн агентлаг, хөндлөнгийн Стантек байгууллагын зэрэг нийт 196 гишүүнтэй үй олон Ажлын хэсгүүд хяналт шалгалт, судалгаа дүгнэлтийг 8 хөлтэй ишигний тухай цуурхал бас тэнцсээр ирсэн байна.
Ураны талаар уртаас урт хугацаанд улсаараа уралцсаар ирсэн ч 15 жилийн өмнөх хуулиндаа авах АМНАТ-аа 5 хувийн тагжгар адар, намхан тааз тогтоож, өөрөө өөрсдийнхөө хүртэх өгөөжийг боож чөдөрлөж байсныг өөрчлөхөөр хэлэлцэж байна. Эрх зүйн орчин нь эрүүл ашигтай бол ураны гэрээ уран нүүдэл болох үүд хаалгыг нээнэ. Оюутолгойн алдааг давтахгүйн тулд төр 34 хувь эзэмшээд мөнгө санхүүгийн үүрэг хүлээдэг, өрөнд ордог, өтөнд баригддаг, эцэст нь өртөг зардал нь өссөнөөс 2037 он хүртэл ноогдол ашиггүй үлдэж хоцордог өмнөх алдаагаа давтахгүйн тулд уран дээр уран нүүдэл хэрэгтэй. Төр 34 хувь эзэмших нэрээр өөрсдөө хөрөнгө мөнгөний үүрэг хүлээдэг биш цөмийн түүхий эдийн үнэ ханш нь өсөх тусам дагаад авдаг АМНАТ нь нэмэгддэг байх хуультай болохоор хэлэлцэж байна. Үндэсний баялгийн сан дахь иргэн бүрийн хуримтлалын дансанд ордог, эрүүл мэнд, орон сууц, боловсролд нь зарцуулагддаг хувьтай Монгол болох дуусаагүй яриа дуусах уу? УИХ-ын ураны хуулийг өөрчлөх анхны хэлэлцүүлгийг нь хийхээр боллоо.