Цаг үеийн мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв үүдээ нээгээд таван жил болж, 42.128 хүүхдэд нийгмийн хамгаалал, сэтгэлзүйн засал, протез, туслах хэрэгсэл үйлдвэрлэл, эрүүл мэндийн сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлжээ. 

Тус төв нь хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох,  сэргээн засах, хоёрдогч хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, хамт олонд түшиглэн хөгжүүлэх, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн үр дүнтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой 250 ортой, 6 тасагтай стационари, оношилгоо шинжилгээ, сэргээн засах эмчилгээний төрөлжсөн кабинет бүхий амбулаторитой.  

Хөдөө орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг 14-21 хоног хэвтүүлэн нарийн мэргэжлийн болон орчин үеийн шинжилгээ, оношилгоо, хөдөлгөөн засал, ахуй засал, хэл засал, усан ба физик эмчилгээ зэрэг сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлж, тохирох туслах хэрэгсэл /протез, ортопед/-ийг үйлдвэрлэнэ. 

2025 оны хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүийн асаргаа, сувилгаа, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээг цогцоор нь үзүүлэх ДЭМЖИХ ТӨВ-ийг байгуулахаар 24 тэрбум төгрөгийн төсвийг улсын төсөвт тусгуулаад байна. 

Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчдын ТЭТГЭМЖИЙГ 36 ХУВИАР нэмэгдүүлж, 500 мянган төгрөг хүртэлх живхний зардлыг ТӨРӨӨС хариуцдаг болж байгаа.

Дэмжих төвүүдээ төрийн бус байгууллагуудтай хамтран үйл ажиллагааг нь явуулна. 

Мөн Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг 5 аймагт байгуулан ажиллуулж байна. Цаашид бүх аймагт ийм төвийг байгуулах талаар Азийн хөгжлийн банктай үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөж байна. 

Таны сурталчилгаа