Онцгой байдлын ерөнхий газраас Монголын улаан загалмайн нийгэмлэгтэй 2015 оноос хойш таван жилийн хугацаатай хамтран ажиллах санамж бичгийг байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд өнгөрсөн таван жилийн хугацаанд хийсэн үйл ажиллгааны тайлан, үр дүнг хэлэлцэн, хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж, 2025-2028 онд хамтран ажиллах “Санамж бичиг”- ийг байгууллаа.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа төсөл, үндэсний хөтөлбөр, нэгдсэн арга хэмжээ, өдөрлөг, Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургууль, гамшгийн хор уршгийг арилгах олон улсын “Говийн чоно” дадлага, туршлага солилцох үйл ажиллагаа зэрэг нийт 500 гаруй удаагийн сургууль, дадлагыг хамтран зохион байгуулахад 780000 гаруй иргэнийг хамруулсан байна.
Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр, хүмүүнлэгийн өдөр, Олон улсын иргэний хамгаалалтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх, тодорхой сэдвийн дор аян уриалга гарган уралдаан, хэлэлцүүлэг, тэмцээн зэрэг иргэд, олон нийтэд чиглэсэн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээг өрнүүллээ.
Цаашид хамтын ажиллагааны хүрээнд “Сендайн хүрээ баримт бичиг”-ийн хэрэгжилтийг хангах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах нэрвэгдэгсдэд анхны тусламж болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, бэлэн байдлыг хангах, иргэд, олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааг зохион байгуулна.