"Нүүрс"-ний хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа оргон зайлж, улмаар пластик мэс заслаар нүүр царайгаа өөрчлөн, зүсээ хувилгасан гэх Д.Наранхүүг БНХАУ-д саатуулан 2023 оны есдүгээр сарын 26-ны өдөр /2023.09.26/ эх оронд нь авчирсан. Ингээд мөрдөн шалгах ажиллагааг явуулж шүүхэд шилжүүлсэн байдаг. Түүнийг "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Адъяатай "хам хэрэгтэн" хэмээн яллагдагчаар татаж, мөрдөн шалгасан. Ингэхдээ Д.Наранхүүг Г.Адъяад хахууль өгсөн, харин Г.Адьяаг хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн 22.4, Эрүүгийн хуулийн 22.5 дахь хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татсан юм.
Тэгвэл тэдний шүүх хурал өнөөдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Говь-Алтай аймагт болохоор товлогдоод байна.