Цаг үеийн мэдээ

Хүний амьд явах эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхүүдийн баталгааг Үндсэн хуульд заасан хэм хэмжээний хүрээнд Монгол Улсын төр иргэнийхээ баталгаатай эдлэх эрх чөлөөг хангах үүргийг хуулиар хүлээсэн байдаг.

Хүний эрхийн хуульч Р.Булгамаа

Өнөөдөр Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа баталсны 33 жилийн ойн өдөр. Бид Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө эдэлж чадаж байгаа юу?

Монгол хүн эхийн хэвлийд байхаас эхлэн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ зөрчүүлж байна. Олуулаа болох мөрөөдөлтэй Монголын минь ирээдүй болсон хүүхдүүд хэвлийдээ олноороо бүтэж, дутуу, эсвэл амьгүй төрөх нь жилээс жилд олшрох болов. Түүгээр ч зогсохгүй утаа нь эхийн хэвлий дэх ургийн тархины хөгжилд нөлөөлж, аажимдаа хүүхдийг сэтгэцийн болон зан төлөвийн өөрчлөлттэй болгож буйг олон улсын эрдэмтэд нотолсоор байна.  Утааны улиралд ураг зулбаж, өсөлтгүй болох, мөн амьгүй төрөх нь дөрөв дахин нэмэгддэг. 

Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор, НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ:

-Эхний гурван сарын тээлтийн хугацаа маш чухал байдаг. Ийн бүх эрхтэн систем үүсэх хугацаа эхэлдэг. Чухалгүй хугацаа гэж жирэмсэн эхчүүдэд байдаггүй. Жирэмсэн эх өөрөө бохир агаараар амьсгалж зүрх судасны болон амьсгалын эрхтэн системийн эрсдэл үүрч байгаа.

АШУИС-иас дагаж судлах судалгааг хийсэн. Жирэмсэн эхтэй, PM 2.5 агаарт цэвэршүүлэгчтэй 500 айл болон агаар цэвэршүүлэгчгүй айлуудыг дагаж судалсан судалгааны үр дүн. Энэ судалгаа эхийн хэвлийд ураг байхаас эхлэн агаарын чанар нөлөөлдөг гэдгийг нотолж гаргаж ирж байгаа юм. Нөгөөтээгүүр PM 2.5 тоосонцор эхэсийн барьерийг нэвтэрдэг гэдгийг судлаачид гаргаад ирчихсэн. Энэ нь эхэд нөлөөлөхөөс гадна урагт нөлөөлдөг.

Хүний эрхийн хуульч Р.Булгамаа:

-Иргэний амьд явах буюу эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хэн хангаж бүрдүүлэх ёстой юм гэхээр Монголын төр. Түүний тод жишээ болох агаарын бохирдол, орчны бохирдол, хөрсний бохирдлоос үүдэн бидний эрүүл явах эрх онц ноцтойгоор зөрчигдөж байгаа. Бүр цаашилбал амьд явах эрхэд нөлөөлж байгаа.

Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор, НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ:

-Агаарын бохирдол өвөл, зунгүй байгаа. Органик дэгдэмхий нэгдэл, азотын давхар исэл, Озоны асуудлууд зуны улиралд ч тэр стандартаас давж байгаа үзүүлэлтүүд байгаа. Агаарын бохирдол нийгмийн эрүүл мэндийн орчноос хамаарсан тулгамдсан асуудал мөн.

Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Үүнтэй тэмцэх гэж 3 тэрбум ам.доллар зарцуулсан. Иргэдийн өөрийн буруугаас биш, бодлого боловсруулагчдын буруугаас, дунд нь мөнгө төгрөг идсэн, цавчсан буруугаас өвдлөө. Өвдөөд Монголд эмчлүүлэх гэсэн эмчлэхгүй байна. Хамаг юм аа зараад хамаатан садангаасаа мөнгө төгрөг зарцуулаад БНСУ-д очиж эмчлүүлдэг. Бүтэлтэй, бүтэлгүй болно. Шууд ядуучуудын эгнээ рүү орж байна. Энэ зовлон жилд Монгол Улсын иргэдээс 200 сая ам.долларыг Солонгос руу гаргаж байна. Энэ мөнгөөр хэдэн хавдрын эмнэлэг барих уу? Үүнээс урьдчилан сэргийлэх ямар ажлыг хийж болох байсан бэ?

Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор, НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ:

-2024 онд НҮБ-ын Хүн амын хөгжлийн сан, МУ-ын Засгийн газар, гурван яамтай хамтарсан судалгаа бий. Энэ судалгаагаар гадаад орчны агаарын бохирдлоос жил бүр 2800 хүн цаг бусаар нас барж байна. Дотор орчны агаарын бохирдлын улмаас 4000 гаруй хүн нас барж байна гэдэг тооцооллыг гаргаж ирсэн. Эдийн засгийн хохирлын хэмжээ ДНБ-ний 2.8-7.9-ийг агаар бохирдлоос үүдэлтэй хохиролд зарцуулж байна.

Азотыг давхар исэл гэдэг өөрөө автомашины хөдөлгүүрийн шаталтаас ялгарч байдаг. Уушгины хамгийн нарийн түвшинд очиж, бодисын солилцоонд орж цочролыг өгч, эрсдэлийг үүсгэж уушгинд исэлдэлтийн процесс, үрэвслийн процессуудыг үүсгэдэг. Мөн эсийн түвшинд гэмтээх энэ нөхцөлүүдийг бүрдүүлдэг. Нөгөөтээгүүр астма өвчлөлд азотын давхар исэл шууд хамааралтай. Энэ нь астомын шинэ тохиолдлуудтай хамааруулж байгаа гэв.

Монгол Улсад жилд дунджаар 300 хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас нас бардаг. Нас барж буй иргэдийн 240 нь 0-5 насны хүүхэд байна. Агаарын бохирдлын улмаас хүүхдүүд бронхит, астма зэрэг хүнд өвчтэй болж, хичээл сургуульдаа явж чадахгүй болж, улмаар сурч, хөгжих бусад боломжуудаа алдаж байна. 

Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор, НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ:

-Эрүүл саруул хүн амыг бий болгох гээд байгаа. Өнөөдөр ямар нэг арга хэмжээ авахгүй байгаад байх юм бол 20 жилийн дараа 20 гаруй насны хүмүүс архаг хууч ямар нэг өвчтэй, хөдөлмөрийн чадвар нь буурсан ийм хүмүүс бий болно. Эрүүл мэндийн салбарын ачаалал улам нэмэгдэнэ. Ялангуяа эрүүл мэндийн салбарт оруулах эмчилгээ үйлчилгээний зардал тэр рүү улам их нэмэгдэж, хүний амьдралын чанарын асуудал богиносох ийм аюултай байгаа. Тиймээс агаарын бохирдлын бууруулахад идэвхтэй оролцох ёстой. Үндсэн хууль дээрээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байгаа шүү дээ. Энэ эрхээ хангуулахын төлөө иргэд, судлаачид, удирдлагууд гээд бүх хүмүүс хамтарч ажиллах шаардлага үүссэн.

Эрүүл аюулгүй орчин гэдгээ стандарчлах шаардлагатай. Олон улсын конвенцуудад нэгдээд энэ стандартуудыг баталж байгаа. Бохирдуулагч хүчин зүйлс энэ стандартдаа хүрэхгүй байна шүү дээ. 

Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Үндсэн хуулийн удиртгал өгүүлбэр дээр Монголын ард түмэн хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно гэсэн. Үүнийг бүх хүн мэддэг. Өнөөх хүмүүнлэг нийгэм маань хаана байна. Хүн дээ ээлтэй байна уу. Хүний амьд явах, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан стандарт байна уу, үүнд муу дүн тавихаар байна. Зам тээврийн осол эндэгдэл бусдын буруутай үйлдэл, стандартгүй байдлаас эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа, эд хөрөнгөөрөө хохирч байгаа гэлээ. 

Үндсэн хуулийн хүрээнд Монгол хүн амьд явах эрхтэй. Амьд явах баталгаа бол стандарттай нийгэм. Бид өглөө гэрээс гараад стандартгүй замаар ажил руугаа явдаг. Хаанаас юу ч орж ирээд намайг эрсдэлд оруулж мэднэ. Ийн асар болгоомжтойгоор хүүхдээ хөтөлж явах даа стандарт бус жинтэй, хүнд цүнхийг нь үүрчихнэ. Такси барина, стандартгүй. Замаар гарлаа, стандартгүй. Хаалга татлаа стандартгүй, шатаар өгслөө стандартгүй. Ажлын гадаа гэхэд машин тавих стандартгүй. Халтираад үхчихгүй гудамжаар алхах стандарт бидэнд бий юу. Цайны цагаараа ордог гуанзанд чинь ч стандарт алга. Ямар ч стандартгүй, стандартгүй болохоор баталгаагүй, баталгаагүй болохоор амь нас дээсэн дөрөөн дээр тийм нийгэмд амьдарч байгаагаа ойлгоно. Амьд явах эрх чөлөө стандартаас эхэлнэ. 

Их сургуулийн гуравдугаар курсийн оюутан Бат сургуулиа тараад гэрийн зүг алхаж байв. Тэрээр өнөөх л алхдаг явган хүний замаараа, өнөөх л хичээлээ тардаг цагаараа, чихэвчээрээ дуу сонсон гэгээн мөрөөдлөөрөө жигүүрлэн алхаж явсан. Тухайн үйл явдал өдгөөгөөс 10 жилийн өмнө болсон байдаг. Баригдаж буй 16 давхар барилгын дээрээс бэхэлгээний төмөр зам дээр явсан оюутан залуугийн толгой дээр унаж амь насыг нь хохироосон. Энэ бол хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт. Стандартгүй орчин бидний амьд явах эрхэд заналхийлдэг.

Эргэн сануулъя, 3, 4-р хороололд хичээлээ тараад харьж явсан 12 настай охины дээрээс барилгын кран унаж амь насыг нь авч одсон. Хөлбөмбөгийн талбай дээр тоглож байсан 11 настай хүүгийн дээрээс хөндлөвч төмөр унаж амь насыг нь авч одсон. Гудамжинд ил гарсан цахилгааны утсанд цохиулж амиа алдсан охины кэйс. Энэ мэтчилэн дурдаад байвал тоо томшгүй хэрэг бий. Стандартгүйн улмаас жилд олон арван иргэн угаартаж амь насаа алдаж байгаа. Бидний анхдагч эрх Амьд явах эрх зөрчигдсөөр байна. 

Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Энэ хүнд байдлыг үүсгэж буй гурван шалтгаан бий.

Нэгдүгээрт, улс төржилт. Хууль шүүхийн байгууллага хэтэрхий улс төрчидтэй ойрхон сүлбэлдэж байна.

Хоёрдугаарт, бодлого боловсруулах шийдвэр гаргаж түвшин өөрөө шалгуур муутай байна. УИХ-д сонгогдож байгаа гишүүд, өндөр албан тушаалд томилогдож байгаа хүмүүс тэнд очих доо мерит зарчим гэхээсээ илүү мөнгөний нөлөөлөл, намын шугаман гажуудлаас хамаарч, өндөр албан тушаалд очоод байгаа. Ийм хүмүүс явцуу ашиг сонирхлоор шийдвэр гаргадаг. Уг нь мэргэжлийн, төрд бэлтгэгдсэн хүмүүс очих ёстой.

Гуравдугаарт, стандартын асуудал. Энэ бол эрээвэр хураавар. Хүний аюулгүй орчинд амьдрах стандарт байтугай 800-аад хэрэгжиж байгаа хууль, 2600-2700 журам нь өөрөө хүний эрхийг зөрччихсөн. Нэг байгууллагад зориулсан хууль байхаас хүний эрхийг хамгаалсан хууль байхгүй байна.

Хүний эрхийн хуульч Р.Булгамаа:

-Иргэд бид Үндсэн хуульд заасан миний эрх хэрэгжихгүй байна. Би эрхээ эдэлж чадахгүй байна гэж хүний эрхийг хамгаалах байгууллага, ХЭҮК-т хандах эрхтэй. Мөн Үндсэн хуулиар олгогдсон эрхэд харшилсан хэм, хэмжээ эрх зүйн актуудыг хүчингүй болгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хүртэл хандах бүрэн боломжтой.

Ялангуяа сайжруулсан түлшний асуудал. Албаны хүмүүсийн мэдээллээр сайжруулсан түлшний бүтцэд хүний эрүүл мэндэд хортой химийн бодис байсан талаар мэдээлж байгаа. Энэ асуудал дээр иргэд эрхээ хамгаалуулахаар өөрт учирсан эрсдэл буюу эрүүл аюулгүй орчинд амьдруулаагүй үйл баримтаас учирсан хор хөнөөлийг бид Монгол Улсын төрөөс нэхэмжлэх эрхтэй.

Б.АМАРТҮВШИН

Таны сурталчилгаа