Үндсэн хуулийн 33 жилийн ойн өдрийг үндэсний бөх үзээд, үзүүр түрүүний бөхийн хөлсийг аваад тарах бус үндсэн эрхээ эдэлж, жагсаж цуглаж угтлаа.
Нэг талаас сөрөг хүчний онгойж харласан орон зайг нөхөж иргэдийн бухимдал тэсэрлээ. Хоёр сөрөг хүчнийг хөнжилдөө оруулж болох ч ордон дотор ч, олон нийт ч орон зайг нь бөглөөд бүр илүү илүү гардаг гэдгийг олж харлаа. Ирсэн хүн бүхэн хөлснийх, жагсагч болгон захиалгатай гэвэл түүн шиг худал үгүй. Нуга суга нэмэгдсэн элдэв татвар гувчуур, нугарч сөхөрсөн амьдрал ахуй, ажил хийсэн, ажил хийлгэснээ торгодог НДШимэглэчлэл, тог цахилгаан, дагаад өссөн юмны үнэ, элдэв хаалт хоригууд, дугаарын шаг, баян чинээлэг Бээжин, Лондон, Сингапурын коопий хуулбар шийдвэрүүд, шударга ёсны тухай тал еэвэн шиг худал үнэн яриануудын эсрэг үгээ хэлэхээр органик уур бухимдал их байгаа нь илт тодорхой байна.
Жагсаалыг төлбөртэй харагдуулах гэсэн үү Элбэгдорж урт хүзүүтэй, өндөр нуруутай гэх нь холгүй бичиг өлгөх, Цагааны мөнгөөр хийсэн шүү гэдгийг нотлох гэсэн үү цагаан даавуу дэлгэх мэтийн хүүхэлдэйн жүжгийн үзэгдлүүд боллоо. Харь улсын тугийг өргөж орж ирээд зурагт орчхоод зугтах гэх мэт хаяа хөрш улсаа өдөөн хатгах, Украины иргэнээс хандив ивээлгэ авсан гэх монгол хүний амь амьдралын эрх ашиг биш түүгээр яваа гайг үүгээр дуудсан тоглоом биш шоглоом гарлаа.
Нөгөө талаас 1 сая 800 мянган төгрөгийн торгуулиа төлөхгүй толгойгоо илүүлж, хүчин төгөлдөр хууль журмын эсрэг хувийн гомдол бол тэмцэл биш. Даяар олны Төв талбай давж заалддаг газар биш. Түгжрэл дээр түгжрэл нэмдэг, хууль дүрэм зөрчиж, хүний алтан цаг, амь насанд ч аюултай төмөр хүлэг унасан толгойгүй хүмүүсийн толгойг илдэг тэмцэл үгүй. Тодорхой зорилго, зохион байгуулалт, удирдагч манлайлалгүй бөөгнөрсөн олны уур бухимдал чүдэнз зурахын төдийд үймээн самуун болж, эгэл иргэн, жирийн цагдаа, цэрэг хохирдог.
Засгийн газар огцорлоо гээд оронд нь илүү тогтвортой ажиллах Сайд нарын танхим бүрдэх үү? Гучин жил үргэлжилсэн дуусдаггүй яриануудыг дуусгаж, хөгжлийн томоохон төслүүд яг хөдөлж эхлэхэд, гацаанаас гарч, Гашуунсухайт-Ганцмодын боомтыг холбохоор хэлэлцэн тохирмогц төр засаг тогтворгүй болох нь Та бидэнд ашигтай юу? гэж эргэлзэх нь эрх эрх чөлөө.
Зөгий.mn жагсаалын эхнээсээ ганцаараа шууд дамжуулсан. Ганц нэг хүний хэлсэн шиг хаалтын гэрээтэй бол Таны өмнө нээлттэй байх уу?
Бид сөрсөн, дэмжсэн, эргэлзсэн хэн бүхний өмнө нээлттэй. 3,5 саяулаа хэвд цутгасан биш өөр өөрийн бодолтой. Энэ чинь өөрийнхөө бодох, өөрийнхөө бодсоноо хэлэх үндсэн эрх.