Үндсэн хуулийн 33 жилийн ойд зориулав.
Үндсэн хуульд зааснаар иргэн бүхэн үг хэлэх, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй. Бурхны хүү байна уу, буг чөтгөрийн охин байна уу, эвэртэй эвэргүй, нөмөртэй нөмөргүй ч адил тэгш байх ёстой ч ямар их ялгаа заагтайг нь мэдэж угтлаа. Бурханы хүү биш бусдын адил хүний хүү байлаа ч Б.Баярбаатар хэнийг ч нэр заан цохолгүй хувийн машин дотроо П...гэж хараагаад 30 хоног баривчлагдлаа. Хэл шинжлэлийн хүрээлэн хэлийг нь гаргаж, шүдийг нь сугалдаг газар юм уу? Жишээ нь, хүүхдээ өхөөрдөхдөө хүртэл хөөрхөн п...вэ гэчихдэг хүмүүс яах вэ? Үзэшгүй муухай утгатай харь зүхэл, хаяж орхих учиртай орос хараал нь үнэн боловч өнөөдөр монголчуудын амны уншлага болсон п... гэсэн бүхэн 30 хоног авдаг бол... Багадаа 3 хүн тутмын 2 нь 30 хоног авч, бүх нийтийн баривчилгаа болж таарна. Барьсан, баригдсан хоёулаа л п...дэж байгаа.
Тоглоом шоглоом маягтай лайвыг Үндсэн хуулийн өдрийг панча болгож, жагсаалын галыг өрдөх гэж иргэн Баярбаатарыг золив уу? гэдэг асуулт зүй ёсоор гарч байна. УИХ-ын даргын индрээс чанга яригчаар санаандгүй хэлсэн нь шоронд байна уу, ордонд байна уу? гэж асуулгах гэж тоглоом маягийн яриаг шоглоом болгож ашиглав уу? Хувийн машиндаа хэлээд баригддаг юм бол хууль тогтоох байгууллагад ярьсан хүн яах юм бэ? гэж уурлуулж бухимдуулах гэсэн урхи дэгээ байв уу? Тэгвэл хүн нэрлэж, хутгалж ална гэсэн нь баваад байна уу, бавуулаад байна уу? Ингэхэд бүр үгэндээ оруулаад дуу болгож дэлхийгээр нэг цацсаныг нь яг яах билээ... Алтан наран алаг дэлхийг алагчлахгүй ивээдэг шиг иргэн бүхэн тэгш эрхтэй гэж уянгалаад ч яах юм билээ... гэж хөврүүлж хөөсрүүлэх гэж хүний хүүг баривчлав уу?