Цаг үеийн мэдээ

НӨАТ-ыг 5 хувь болгох тухай хуулийн төслийн талаар хууль санаачлагч гишүүд мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Пүрэвдорж: Дөрвөн гишүүн нийлж НӨАТ-ын албан татварын хувь хэмжээг 5 хувьд хүргэх тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийг 2019 онд өргөн барьсан боловч хэлэлцэхгүй байсаар шинэ Их хурлын дэгийн тухай хуулиар тухайн парламентын үед хэлэлцэгдэхгүй бол буцаах дэгийн дагуу буцаагдсан. Харин шинэ парламент гарч ирж гишүүдтэйгээ хамтраад НӨАТ-ын татварыг 5 хувь болгох хуулийн төслийг дахин өргөн барьж байна. Өнөөдрийн байдлаар 180 мянган аж ахуйн нэгж бий. Түүнээс 80 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн. 250 мянган хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс бий. Түүний 50 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн. Энэ хүмүүс яагаад ийм бага хувиар НӨАТ төлөгчөөр бүртгүүлж байна вэ гэвэл НӨАТ хэтэрхий өндөр байгаа учраас аливаа нэгэн тайлангүйгээр бүх бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг. 2024 он гэхэд 6.5  их наяд төгрөгийн НӨАТ-ын татвар нийт татварын 24 хувийг бүрдүүлж байна. НӨАТ-ыг өнгөрсөн жил 5 хувь болгосон бол магадгүй 3.8 их наядаар НӨАТ багасна гэж шууд автоматаар бодож болохгүй. Яагаад гэвэл энэхүү татварыг багасгаснаар буцаад татварын бааз суурь нэмэгдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, 250 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгчийн 50 мянга нь биш 150 мянга нь НӨАТ төлөгчид бүртгүүлнэ. Дээрээс нь 180 мянган аж ахуйн нэгжийн 50 мянга нь НӨАТ төлөгчөөр нэмж бүртгүүлнэ. Ингэснээр НӨАТ төлөгч багасахгүй. Мөн бусад бараа бүтээгдэхүүний орлогыг ил болгосноор аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хүн амын орлогын татвар бусад орлогууд нэмэгдэх боломжтой. Дээрээс нь эдийн засаг татвараас шалтгаалан нэмэгдэх боломжийг бий болгоно. 2024 онд НӨАТ-ыг 5 хувь болгосон бол НӨАТ 3.8 их наядаар тасрах биш бусад орлогоор нэмэгдэж, бусад бааз суурийг нэмэгдүүлж, 1 их наядаар л орлого тасрах боломж бүрдэх байсан. Үүний үр дүнд монголын ард түмэн бараа бүтээгдэхүүнээ хямд хэрэглэх, эдийн засаг эрчимжих боломжийг гаргаж өгөх ёстой байсан. Энэ хавар Монгол Улсын Ерөнхий сайдаас Нийгмийн даатгалын шимтгэл болон татварын ачааллыг багасгах талаар шинэчлэлийн ажлыг хийнэ гэж зорьж байгаа. Энэ хүрээндээ НӨАТ-ыг 5 хувь болгох санаачилгыг гаргаж ерөнхий сайдын шинэчлэлийн ажилтай зэрэгцүүлэн ард иргэддээ хямд бараа бүтээгдэхүүн хэрэглүүлэх, бизнесийн орлогыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэр хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлэх, ард иргэдийн хүсэл зоригийг илүү тод болгох зорилгоор НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийн төслийг өргөн барьж байна.

Таны сурталчилгаа