ХӨСҮТ болон НЭМҮТ-өөс томуу, томуу төст өвчлөлийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
НЭМҮТ: Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 77 мянган үзлэг хийгдсэн. Үүнээс томуу, томуу төст өвчлөлтэй холбоотой 7800 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь нийт өвчлөлийн 10.2 хувийг эзэлж байна. Өнгөрсөн долоо хоногийн дунджаас 2.2 хувиар буурсан үзүүлэлт юм. НТТТ-д өнгөрсөн долоо хоногт 15000 дуудлага ирсэн. Үүнээс томуу, томуу төст өвчлөлтэй холбоотой дуудлага 21 хувийг эзэлж байна. Томуу, томуу төст өвчлөлтэй холбоотойгоор хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тусламж үзүүлж байгаа 21 байгууллага дээр 2759 орыг дэлгэж, хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж байна. Өнөөдрийн байдлаар 1517 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад хэвтэн эмчлүүлэх байдал 14 хувиар буурсан. Дурдсан 21 эрүүл мэндийн байгууллагын яаралтай хүлээн авах тасгаар 1815 хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлсэн. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 415 тохиолдол буюу 18 хувиар буурчээ. Өрхийн эрүүл мэндийн төвийг 2024 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрөөс уртасгасан цагаар ажиллуулж эхэлсэн. Тухайн үед өдөрт 5700 хүн уртасгасан цагаар үзүүлж байсан бол өнөөдрийн байдлаар өдөрт 2773 өрхийн эрүүл мэндийн төвөөр үзүүлсэн байна. энэ нь хоёр дахин багассан учраас НЭМГ-аас зохицуулалт хийж уртасгасан цагийн хуваарийг зогсоож байна. Өрхийн эрүүл мэндийн уртасгасан цагийн хуваарь өнөөдрөөр дуусгавар болж, маргаашаас хэвийн цагийн хуваариар ажиллана. Өөрөөр хэлбэл, ажлын өдөр 20:00 цаг хүртэл, бямба ням гарагт 11:00-18:00 цагийн хооронд ажиллах болно.