Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 02-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн (Есөнбулаг, Тайшир, Дэлгэр, Бигэр, Чандмань, Эрдэнэ, Баянтоорой тосгон, Алтай, Цээл, Халиун) 10 суманд ажиллалаа.
Тэрбээр УИХ-ын үйл ажиллагаа, намрын чуулганы шийдвэрийг орон нутгийн иргэдэд тайлагнан танилцуулж, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцан, хөдөөгийн хөгжилд тулгамдсан асуудлаар Говь-Алтай аймгийн иргэдийн санал бодлыг сонсож, цаашид шийдвэрлэх асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Улсын Их Хурлын дарга тус аймагт ажиллах хугацаандаа нийт 10 удаа төвлөрсөн уулзалт хийж, уулзалтад 3000 гаруй иргэн оролцжээ. Энэ үеэр 129 иргэний 214 асуултад хариулт өгч, ярилцаад байна.
Орон нутагт ажиллахдаа жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, бизнес эрхлэгчид, малчид, хоршоологчид зэрэг нийгмийн олон төлөөлөлтэй биечлэн уулзаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өглөө.
Говь-Алтай аймагт ажиллахад алслагдмал сум, суурин, тосгоны иргэдээс тавьсан санал хүсэлтээс хамгийн их давтамжтай яригдсан 10 асуудлыг багцалбал:
1. Эрчим хүчний хангамж, найдвартай байдал;
2. Иргэний нийтлэг үйлчилгээний чанар, хүртээмж, ахуй орчны соёл, орчин үеийн техник хангамж, сайн мэргэжилтэн;
3. Цахим хэрэглээ, харилцаа холбооны хүртээмж;
4. Хүүхдийн сурч боловсрох эрх, боловсролын ялгамжгүй байгаа нөхцөл байдал;
5. Аймгийн төв - сум, сум - боомт хоорондын авто зам, дэд бүтэц;
6. Хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчин, татварын бодлого;
7. Сумын төвийн төлөвлөлт, барилгажилт, гудамж талбайн тохижуулалт, цэцэрлэгжүүлэлт;
8. Инженерийн байгууламж бүхий иргэдийн орон сууцны хүртээмж;
9. Эрчим хүч, бараа бүтээгдэхүүний үнийн бодлого, зохицуулалт;
10. Орон нутаг дах улс төржилт, талцал, ялгаварлал зэрэг асуудлаар санал хүсэлтээ илэрхийлж байна.
Мөн сум, тосгоны сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, ахлах ангийн 850 гаруй сурагчтай уулзлаа. Улс орны ирээдүй, шинэ үеийн мэргэжил сонголтын хэрэгцээ шаардлагын талаар танилцуулга хийж, санал хүсэлтийг хүлээн авлаа.
Сурагчид сургуулийн орчин нөхцөл, хичээлийн анги танхимын тохижилт, зөөврийн компьютерын хүрэлцээ, интернэтийн хүчин чадал, цахим болон танхимын хичээлийн давхардал зэрэг олон асуудлыг харьяа байгууллагад уламжилж өгөхийг хүслээ.
Хязгаар нутагт амьдран суугаа иргэдийн дуу хоолойг сонсож, тэдний санал хүсэлтийг бодлого шийдвэртээ тусган эргэх холбоотой ажиллана гэдгээ Улсын Их Хурлын дарга илэрхийллээ.