Монгол Улсын нийслэл Улаанбаатар анх 500 мянган хүнтэй байхаар төлөвлөгдсөн. Гэтэл өнөөдөр 1.7 сая хүн амьдарч байна. Дэд бүтэц хөгжиж, тэлэх учиртай ч үнэндээ тэр хэвээрээ л үлдсэн. Хотын хэт төвлөрөл, утаа, түгжрэл зэрэг асуудлууд бүгд тухайн цаг үеийн төрийн бодлого, авлигын сүүдэртэй холбоотой гэж иргэн Н.Туяа утааны сонсголын үеэр байр сууриа илэрхийлжээ.
Хотын хөгжлийг дэд бүтэц биш, газрын бодлого тодорхойлдог. Гэтэл Улаанбаатарын газрын бодлого бүрэн алдагдсан гэж хэлж болно. Үүний нэг том шалтгаан нь газрын төлбөрийн тухай хууль 21 жилийн турш шинэчлэгдээгүй явдал.
1997 онд батлагдсан Газрын төлбөрийн тухай хуулиар газрын төлбөрийг Засгийн газар тогтооно гэж заасан. Тухайн үед Ерөнхий сайд М.Энхсайхан 152 дугаар тогтоолоор хамгийн анхны газрын үнэлгээг баталсан. Гэтэл энэ үнэлгээг 2018 он хүртэл шинэчлээгүй нь асар том зөрчлийг бий болгосон.
-1997 онд цалингийн доод хэмжээ 12 мянган төгрөг байсан бол 2018 онд 30 дахин өссөн.
-1997 оноос 2018 он хүртэл гурван өрөө байрны үнэ 30 дахин өссөн.
Харин газрын үнэлгээ 21 жилийн турш хэвэндээ үлдсэн.
Энэ нь ямар үр дагавартай вэ? Газрын төлбөр хэт хямд байснаас болж, хотын дэд бүтцийг өргөжүүлэх санхүүжилт орон нутгийн төсөвт төвлөрсөнгүй. Дэлхийн банкны 2015 оны "Улаанбаатар хотын газрын харилцаа ба менежмент" судалгаагаар хотын дэд бүтцийг хөгжүүлэх боломжтой олон их наяд төгрөгийг алдсан гэсэн дүгнэлт гарсан байдаг.
2022 оны газрын харилцааны албан ёсны сайтад дурдсанаар Улаанбаатар хотын 1 м² газар дуудлага худалдаагаар дөнгөж 950 төгрөгөөр зарагдсан. Энэ үнэлгээ бодит үнэ цэнээсээ хэдэн зуун дахин бага байгаа нь газрын бодлого буруу явсны нотолгоо юм.
Улаанбаатар жилд 3 их наяд төгрөгийг алдаж байна. Зөвхөн нийслэлд ч бус, Дархан, Эрдэнэт, 21 аймгийн төвүүд ч энэ асуудалтай тулгарч байна.
Иргэн Н.Туяа "Энэ бол нүүрсний утаа биш, авлигын утаа" гэж онцолсон. Хот төлөвлөлтийн бодлого алдагдаж, хяналтгүй газар олголт, хууль эрх зүйн орчны хоцрогдол, татварын үнэлгээний буруу тогтолцоо нь утаа, түгжрэл, хэт төвлөрөл бий болох нөхцөлийг бүрдүүлсэн.
Газрын төлбөрийн тухай хууль 21 жилийн турш шинэчлэгдээгүй. Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хууль 2000 оноос хойш өөрчлөгдөөгүй. Хотын төсөв дутмаг байгаа нь санамсаргүй зүйл биш, улстөрчдийн ашиг сонирхол, авлигын үр дүн.
Шийдэл юу вэ?
-Газрын төлбөрийн тогтолцоог шинэчлэх
-Зах зээлийн бодит үнэлгээнд тулгуурласан газрын үнэлгээ, татварын тогтолцоо бий болгох.
-Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хуулийг шинэчлэх
-Үл хөдлөх хөрөнгийн татварын үнэлгээг бодит болгох.
-Газар олголтын ил тод байдлыг хангах
-Газар эзэмших, өмчлөх процессуудыг олон нийтэд нээлттэй болгож, авлига, ашиг сонирхлын зөрчлийг хянах.
-Шинэ хотууд байгуулах бодлогыг хэрэгжүүлэх
Улаанбаатараас гадна Дархан, Эрдэнэт зэрэг томоохон төвүүдийг хотын статустай болгож, төвлөрлийг сааруулах.
Улаанбаатарын утааны асуудал зөвхөн нүүрсний хэрэглээнээс шалтгаалаагүй. Хот төлөвлөлт, газрын бодлого, төрийн удирдлагын хариуцлагагүй байдлаас үүдэлтэй авлигын утаа энэ хотыг боомилж байна.
Хэрэв бид энэ бодлогыг засахгүй бол утаа арилахгүй. Харин газрын бодлого, санхүүжилтийн тогтолцоог засах замаар хотын хөгжилд шаардлагатай эх үүсвэрийг бий болговол, утаа өөрөө арилна. Одоо зөвхөн нүүрс ярих биш, хот төлөвлөлтөө засах цаг иржээ.