"Би Улаанбаатарт 1950 оноос хойш амьдарсан" гэж иргэн Г.Бадамхатан утааны сонсголын үеэр хэлэв. Тэрбээр 75 жилийн турш энэ хотын хөгжлийг харж, өөрчлөлтийг мэдэрчээ.
Өнгөрсөн зууны дунд үе хүртэл Улаанбаатар Азийн цагаан дагина гэж нэрлэгдэх цэмцгэр, цэгцтэй хот байсан. Тухайн үед ердөө 60-70 мянган өрх өвлийн турш 300 мянган тонн нүүрс хэрэглэдэг байв. Гэтэл 2000 он гэхэд энэ тоо хоёр дахин өсөж, 100 мянган өрх нүүрс түлж эхэлснээр утааны асуудал эрчимтэй сөхөгдөж, өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрчээ.
Улаанбаатар хотын газарзүйн байршил нь агаарын бохирдлын нэгэн томоохон хүчин зүйл. Дөрвөн уулын дунд орших хотын утаа намгарч, хүйтний улиралд тархах боломжгүй болдог. Гэхдээ энэ бол гол асуудал биш. Бодит шалтгаан нь гэр хорооллын хяналтгүй тэлэлт, шахмал түлшний бодлогын доголдол, төрийн бодлогын залгамж халаа алдагдсан явдал юм.
2018-2021 онд "Тавантолгой түлш" компанид ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Г.Бадамхатан:
"Түүхий нүүрс хэрэглэж байсан 220 мянган өрх жилд 1.2 сая тонн нүүрс шатаадаг байсан. Шахмал түлш үүнээс хоёр дахин бага түлэгдэж, утаа ч хоёр дахин буурах боломжтой байсан."
гэсэн нь төрийн бодлогын оновчтой шийдвэр гаргавал утааны эсрэг үр дүн гарч болохыг харуулж байна.
Шахмал түлш нь шаталтын явцдаа түүхий нүүрснээс хамаагүй бага утаа ялгаруулдаг. Гэвч төр засгийн шийдвэр тогтворгүй, бодлого нь замхарсан тул өнөөдөр энэ түлшийг хэрхэн зөв үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэх тал дээр алдаа гарч байна.
Үүний нэг жишээ бол барьцалдуулагчийн асуудал юм. Монгол Улс дотооддоо барьцалдуулагч үйлдвэрлэх бүрэн боломжтой болсон ч үндэсний үйлдвэрүүд төрийн дэмжлэггүй үлдэж байна. Хэрэв 2018-2021 оны бодлогыг үргэлжлүүлж, шахмал түлшний үйлдвэрлэлд судалгаа, шинжилгээг тууштай хэрэгжүүлсэн бол утааны асуудал өнөөдрийнх шиг хурцдаж, хот угаарын хүлэмж болохгүй байх байлаа.
"Азийн цагаан дагина" хэмээгдэж байсан Улаанбаатар өнөөдөр утаан дунд уушгиныхаа багтаамжийг шалгуулж байна. Хуучин цагт 300 мянган тонн нүүрс шатаадаг байсан энэ хот одоо 1.2 сая тонн нүүрс хэрэглэж, өөрийгөө боомилж байгаа нь бодлогын алдааны тод илрэл.
Төрийн тогтвортой бодлого, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зөв шийдвэр гаргаж чадвал, Улаанбаатар утаанаас ангижрах боломжтой. Гэвч үүний тулд бид өнгөрсөн 75 жилийн сургамжаас суралцаж, алдаагаа давтахгүй байх ёстой. Тэгэхгүй бол бид ирээдүйгээ өнөөдрийнх шиг харлуулсаар байх болно.