Цаг үеийн мэдээ

Ногоон Дарь-Эх Бурханы Даган Соёрхол номын айлдварын үеэр Наро Банчэн гэгээнтэнтэй цөөн хором ярилцлаа.

-Гэгээнтний хувьд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг ямар хэрэгцээ шаардлагад үндэслэн зохион байгуулж байна вэ? Өнөөдөр болж буй Ногоон Дарь Эх бурхны даган соёрхох номлол ямар үндэслэл, хэрэгцээ хамааралтай вэ?

-Бурхны ном, сургааль бол зовлонгийн үндэс болсон уур уцаар, сөрөг сэтгэлийг дарах, тайван амгаланг олох арга зам юм. Энэ удаагийн Ногоон Дарь Эхийн даган соёрхох номлолыг сүсэгтэн олон хүсэлт тавьсны дагуу зохион байгуулж байна. Бид бүгдээрээ зовлонгоос ангид байж, жаргал амгаланг хүсдэг. Харин жаргал, зовлон аль аль нь тодорхой шалтгаан, нөхцөлөөс үүдэлтэйгээр бий болдог. Сайн сэтгэлээр буян үйлдвэл сайн үйлийн үр боловсорч, жаргал ирнэ. Харин уур уцаар, муу сэтгэл дагаж, хорон үйл хийвэл зовлон бэрхшээлд унах нь жам ёсны хууль билээ. Бурхны шашны сургааль, ном гэдэг нь зовлонг хүсэхгүй л юм бол зовлонгийн шалтгаан болсон уур уцаар, бухимдал, стрессийг дарах, жаргалын үндэс шалтгааныг бүрдүүлэхэд туйлын чухал ач холбогдолтой. Тиймээс нийтэд зориулсан номын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг. Хэдийгээр сурталчилгаа өргөн хүрээнд түгэхгүй байж болох ч, байнгын номын үйл явц тасралтгүй өрнөж байдаг.

-Хүрэлцэн ирсэн сүсэгтэн олонд ямар ач холбогдолтой вэ?

-Ажил, гэр бүл, үр хүүхэдтэй болох нь бидний эцсийн зорилго гэж үздэг ч, энэ нь зөвхөн жаргалтай байх шалтгаан биш. Бид дотоод сэтгэлээ хангалуун байлгахгүйгээр, гаднаас ямар ч амжилт олсон ч, амгалан байж чадахгүй. Жаргалын түлхүүрийг бид гадна талд хайдаг ч, дотоод сэтгэлийн амар амгалан нь анхаарал хандуулах зүйл юм. Хэрэв бид зөвхөн гаднаас ирэх амжилтаар сэтгэл ханамж авах гэж оролдсон ч, амьдралын зовлонг бүрэн дарж чадахгүй байх болно. Бидний гэр бүл, нэр хүнд, эд баялаг бүхий амьдралын тухай бодол нь зовлонг арилгадаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Гадна талын амжилт түр зуурын амар амгалан авчирч болох ч, дотоод сэтгэлийн тэнцвэргүй байдал, зовлонг арилгахад хангалттай биш юм.

-Олон нийтэд чиглэсэн, тэднийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үүний үр дүнд хамрагдах хүмүүсийн хүрээ хэрхэн тэлж байна вэ? Соён гэгээрч буй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа гэж ажиглагдаж байна уу?

-Өнөөгийн нийгэмд стресс, бухимдал ихэсч, аминч үзэл газар авсан нь ёс суртахууны доройтол, олон асуудал, бэрхшээлийн үндэс болж байна. Харин энэ нөхцөл байдлыг ойлгон, учир шалтгаанд суурилсан, ухаалаг шийдэл эрэлхийлэх нь хамгийн зөв арга зам юм. Бурхны шашны сургааль, номлолыг зөвхөн сүсэг бишрэл төдий бус, сэтгэлзүйн хувьд өөрийгөө хөгжүүлэх, сайн хүн байх, ёс суртахуунаа төлөвшүүлэх нэгэн арга зам гэж үзэн, залуус, олон хүн энэ чиглэлээр судалж, суралцах нь нэмэгдэж байна.

-2025 он гарлаа. Удахгүй Монгол цаг тооллоор МОГОЙ жил гарах гэж байна. Та энэ жилийг хэрхэн тодорхойлох вэ?

-Могой жил ерөнхийдөө залуучуудад ээлтэй, зөөлөн жил хэмээн шинж гарч байгаа юм билээ. Гэхдээ аливаа зүйл хувь хүний өөрийн үйлээс голчлон хамаардаг. Өөрөөр хэлбэл, ямар үйл хийнэ, түүндээ тохирсон үр дүнг хүртэнэ гэсэн үг. Тиймээс сайхан сэтгэлийн үүднээс бусдад тустай, буянтай үйл хийхэд анхаарч, хичээх нь чухал. Бид бүгд нийгмийн амьтад учраас бие биетэйгээ харилцан хамааралтай амьдарч байна. Тиймээс бусдыг бодсон нинжин сэтгэл, энэрэнгүй хандлага энэ цаг үед хамгийн чухал зүйл болж байна.

-Могой жил залууст ээлтэй гэх шинж гарчээ. Харин настнуудын хувьд ямар байх бол?

-Ирэх жилдээ хүн бүр эрүүл энх, үйлс бүтэмжтэй, сайн сайхан байхыг хүсдэг. Тухайлбал, шинийн нэгний өглөө зөв сэдэлтэй байж, бие биенээ хүндэтгэн хайрлаж, муу зүйл бодохгүй, муу үйл хийхгүй байхыг хичээдэг. Гэхдээ зөвхөн тэр өдөр бус, жилийн турш энэ сэтгэл, хандлагаа хадгалах нь хамгийн чухал. Хүсэж буй сайн сайхан зүйлс маань шалтгаан, нөхцөлийн үр дүнд бий болдог учраас тэрхүү шалтгааныг өөрсдөө бүрдүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, сайхан сэтгэлээр, бусдад хорлолгүй, зөв явдал мөртэй явах нь тухайн хүний хувьд тэр жилийн өнгийг сайн байлгах үндэс болно.

-Буддын шашин зөвхөн бурхны сургааль, сүсэг бишрэлийн тухай ойлголт төдий бус, гүн ухааны гүнзгий агуулгатай сургааль гэдгээрээ онцлогтой. Өнөөдөр сүсэгтэн олон энэ шашныг зөвхөн сүсэг бишрэл талаас нь бус, гүн ухааны үүднээс судалж, ойлгож, хүлээн авч чадаж байна уу?

-Сүүлийн үед бурхны шашны сургаалд хандах хандлага улам гүнзгийрч, зөвхөн сүсэг бишрэлээр хязгаарлагдахгүй, түүний философи, агуулга, үзэл баримтлалыг судлах, танин мэдэх сонирхол нэмэгдэж байна. Ялангуяа Энэтхэгт эрдэм боловсрол эзэмшсэн олон лам нар болон манай тэргүүн Хамба Номун Хан бурхны шашны сургааль номлолыг дэлгэрүүлж, тайлбарлан түгээж байна. Энгийнээр хэлбэл, Буддын шашин бол зөвхөн сүсэг бишрэлийн ойлголтоос гадна хүн хоорондын харилцааг ёс суртахууны хамгийн дээд түвшинд хүргэх арга зам гэж ойлгож болно.

-Бурхны шашныг мухар сүсэгтэйгээр ойлгодог хүмүүс бий. Тэгвэл эдгээр хүмүүст энэ үйл ажиллагааг илүү тодорхой, дэлгэрэнгүйгээр тайлбарлавал...

-Бурхны шашинд хоёр үндсэн ёс байдаг. Судрын ёс болон тарнийн ёс. Судрын ёс нь бурханы мөн чанар болон түүний гэгээрэлд хүрэх арга замыг бэлдэж байдаг бол тарнийн ёс нь үр дүнд хүрэх үйл явцад чиглэгддэг. Эхлээд ван авшиг авч, дотоод сэтгэлээ зорилгодоо хүрчихсэн гэж мэдэрч, бясалгаж эхлэх нь буян хураах маш үр дүнтэй арга юм.

Жишээлбэл, Ногоон Дарь Эхийн авшигийг авах нь зөвхөн энэ амьдралын сайн төрөлд төрөх, амар амгалан олох гэсэн ганц зорилго биш. Энэ нь өөрийн эрх чөлөөг олж, бүх амьтдыг буруу сэтгэлээс гаргах эрмэлзэлтэй холбоотой. Бурханы гэгээрсэн сэтгэлээс ухаарал авч, бусдыг зовлонгоос салгах хүчийг олж авахын тулд Ногоон Дарь Эхийн авшигийг авсан хүн хамаг амьтанд сайн сайхан, хайр энэрэлтэй хандах ёстой.

Б.АМАРТҮВШИН

Таны сурталчилгаа