Цаг үеийн мэдээ

Роналдо, Месси хоёрын өв залгамжлагчид хөлбөмбөгийн ертөнцийг шуугиуллаа

Хөлбөмбөгийн ертөнцөд Криштиану Роналдо болон Лионель Месси гэх хоёр домог хэн хэнээсээ илүү вэ гэдэг маргаан 20 гаруй жилийн турш үргэлжилсэн. Харин одоо тэдний хөвгүүд ч гэсэн тэдний замналыг үргэлжлүүлж, гайхалтай амжилтуудаараа дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

Криштиану Жуниорын 10 гоол

Португалийн супер од Криштиану Роналдогийн хүү Криштиану Жуниор Саудын Арабын Аль-Наср багийн залуучуудын академид хичээллэж байгаа билээ. Тэгвэл тэрбээр саяхан болсон Иттихад клубын эсрэг тоглолтод 10 гоол оруулан багтаа ялалт авчирч, аавынхаа генийг харууллаа.

Тэрбээр талбай дээр хурдтай довтолгоо, гайхалтай гоолууд хийж, багийнхаа лидерийн үүргийг үнэмлэхүй гүйцэтгэсэн бөгөөд энэ тоглолтын дараа олон хүн "Шинэ Роналдо мэндэллээ" гэж шуугиж байна.

Тиаго Мессигийн 11 гоол

Нөгөө талд, Лионель Месси ч бас хүүгийнхээ тоглолтыг бахархалтайгаар ажиглаж байгаа нь дамжиггүй. Түүний ууган хүү Тиаго Месси АНУ-ын Интер Миами багийн 13 хүртэлх насны хүүхдийн багт тоглодог бөгөөд тэрбээр МЛС-ийн залуучуудын цомын тоглолтод Атланта Юнайтед клубыг 12-0-ээр бут ниргэхэд 11 гоол оруулжээ.

Хамгийн сонирхолтой нь, Тиаго талбай дээр гарахдаа яг л аавтайгаа ижилхэн хэв маягаар тоглож, хамгаалагчдыг төөрөгдүүлж, бөмбөгийг хянаж, гоолоо урлагийн бүтээл мэт хийж байсан нь олны анхаарлыг татав.

Эцэг, хүү хоёрын шинэ өрсөлдөөн үүсэх үү?

Роналдо, Месси хоёр олон жил хөлбөмбөгийн хамгийн том өрсөлдөгчид байсан бол одоо тэдний хөвгүүд ч гэсэн дэлхий дахины анхаарлын төвд орж эхэллээ. Ирээдүйд Криштиану Жуниор, Тиаго Месси хоёр нэгэн өдөр дэлхийн шилдэг клубуудын нэгэнд өрсөлдөгч болж, аав нарынхаа өрсөлдөөнийг үргэлжлүүлэх үү? Энэ талаар хэн ч одоо хэлж мэдэхгүй ч хөлбөмбөг сонирхогчдын хувьд тэднийг анхааран ажиглах нь дамжиггүй.

Юутай ч, Роналдо, Месси нарын эрин үе аажмаар дуусах гэж буй энэ үед тэдний үр удам хөлбөмбөгийн ертөнцөд шинэ түүх бичих нь дамжиггүй бололтой.

Таны сурталчилгаа