Монголын хөлбөмбөгийн холбооны (МХБХ) ерөнхийлөгч М.Болд үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдлээ. Энэ нь сүүлийн үед тус холбоог тойрсон олон асуудал, шүүмжлэлтэй холбоотойгоор гарсан шийдвэр гэж үзэж байна.
Сүүлийн жилүүдэд МХБХ-ны үйл ажиллагаанд хяналт, шүүмжлэл нэмэгдэж, ил тод байдал дутмаг байгаа талаар олон нийт, тоглогчид, холбооны гишүүд санал бодлоо илэрхийлэх болсон. Тухайлбал, өнгөрсөн намар холбооноос зохион байгуулсан тэмцээн, уралдааны шагнал урамшууллыг олгоогүй, холбооны нэрийг барьж хуурамч гэрээгээр их хэмжээний зээл авсан, оффис талбай, бэлтгэлийн баазыг хууль бусаар банкны барьцаанд тавьсан зэрэг асуудлууд олон нийтэд ил болсон.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор дээд лигийн клубүүд ээлжит бус их хурал зохион байгуулах шаардлагыг тавьж эхэлсэн. Түүнчлэн тоглогчид, холбооны зарим албаны хүмүүс, хөлбөмбөгийг түгээн дэлгэрүүлж сурталчилдаг хүмүүс эдгээр асуудлын талаар шүгэл үлээж, байр сууриа илэрхийлсэн нь уг асуудлыг улам хурцатгасан.
Ийнхүү олон нийтийн дарамт шахалт нэмэгдэж, холбооны үйл ажиллагаа илүү их хяналтанд орсны улмаас М.Болд өөрийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж буйгаа зарлаж, "Хөлбөмбөгийн спортын нэр хүндийг хамгаалах үүднээс энэ шийдвэрийг гаргалаа" хэмээн мэдэгджээ. Цаашид холбооны удирдлагын асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь хөлбөмбөгийн хөгжлийг сонирхогчдын анхаарлын төвд байгаа юм.