Итали Улсын Турин хотод тусгай олимпын өвлийн наадам 2025 оны гуравдугаар сарын 8-15-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Дэлхийн 190 улсыг эгнээндээ нэгтгэсэн тусгай олимпын хорооны гишүүн орнуудын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас сонгогдсон төлөөлөл Олимпын бамбарыг Итали Улсын Турин, Маллан, Венец зэрэг 10 гаруй хотоор хоёрдугаар сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 8-ны өдрүүдэд буухиалан гүйж гуравдугаар сарын 8-нд Турин хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд олимпын нээлтэд хүргэх болсон юм.
Уг арга хэмжээнд Зүүн Азийн бүсийг төлөөлж Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын Цэргийн биеийн тамир, спортын тасгийн туслах мэргэжилтэн, арга зүйч Ахлах ахлагч Гантөмөрийн Наранхүү сонгогдсон бөгөөд ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба ахлах ахлагч Г.Наранхүүд Монгол Улсын төрийн далбааг гардуулан өгч амжилт хүслээ. Энэхүү төрийн далбаа нь Монгол Улсын Зэвсэгт хүчнээс анх удаа зохион байгуулсан “Аравт” олон улсын морин цэргийн уралдаан, “Авто ралли” зэрэг олон уралдаан тэмцээнд мандаж байсан далбаа ажээ.
Олимпын бамбарыг буухиалах энэхүү хүндтэй үүргийг хүлээгээд буй ахлах ахлагч Г.Наранхүү нь Боксын спортын мастер, цэрэгжлийн спортын мастер, цэрэгжлийн спортын улсын шүүгч, цэргийн гардан тулааны олон улсын шүүгч, цэргийн мэргэжлийн II зэрэгтэй шилдэг тамирчин ахлагч бөгөөд Афганистан болон Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай энхийг сахиулагч юм.
Тусгай олимпын хөдөлгөөн 1968 онд анх Америкийн нэгдсэн Улсад үүсэж, өдгөө дэлхийн 190 улсыг эгнээндээ нэгтгэсэн. Монголын тусгай олимпын хороо нь 2013 онд байгуулагдаж оюуны ялгаатай 8000 гаруй иргэнийг спортоор дамжуулан нийгэмшүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж 2017 оноос Тусгай олимпын дэлхийн өвлийн наадамд, 2015 оноос зуны наадамд амжилттай оролцож нийт 75 медаль хүртсэн.
“Турин-2025” өвлийн олимпод Монголын Тусгай олимпын хорооноос 6 төрөлд 24 тамирчин оролцох юм.
Дөрвөн жил тутам зохион байгуулагдаж ирсэн тус олимп 2021 онд ОХУ-ын Казань хотод товлогдсон ч цар тахлаас шалтгаалан цуцлагдсан юм.