“ОЮУТАН ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨРИЙН ЦЭРГИЙН МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТЫН ЖУРАМ ШИНЭЧЛЭГДЛЭЭ
Цэргийн ерөнхий боловсрол олгох, эх оронч үзэлтэй залуусыг бэлтгэх зорилготой "Оюутан цэрэг" хөтөлбөрийн сургалтын журам шинэчлэгдлээ. Шинэчилсэн журамд дараах гол өөрчлөлтүүдийг тусгасан байна.
Гол өөрчлөлтүүд:
Оюутан, суралцагчдын хамрах хүрээ өргөжлөө
Өмнө нь зөвхөн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн эхний дамжааны оюутнуудыг хамруулдаг байсан бол шинэ журмаар 2, 3 дугаар дамжааны эрэгтэй оюутан, суралцагчид оролцох боломжтой болжээ. Гэсэн хэдий ч голч онооны шаардлага 2.8 хэвээр хадгалагдсан байна.
Бүртгэлийн үйл явцыг цахимжууллаа
Оюутан, суралцагчид төрийн нэгдсэн цахим үйлчилгээний цонх болох "Е-Mongolia"-аар дамжуулан бүртгүүлэх боломжтой болсон нь мэдээлэл авах, хүсэлт гаргах үйл явцыг илүү хялбаршуулж, шуурхай болгох ач холбогдолтой юм.
Эрүүл мэндийн үзлэг шинэ журмын дагуу хийгдэнэ
Засгийн газрын 2024 оны 140 дүгээр тогтоолоор батлагдсан "Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам"-ын дагуу оюутан цэргүүдийн эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах зохицуулалтыг шинэчилсэн байна. Энэ нь эрүүл мэндийн шаардлагад нийцсэн, бие бялдрын хувьд бэлтгэгдсэн залуусыг сонгон шалгаруулахад дөхөмтэй нөхцөлийг бүрдүүлэх юм.
Шинэчилсэн журам нь "Оюутан цэрэг" хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлж, илүү олон оюутанд эх орныхоо төлөө цэргийн мэргэжил эзэмших боломжийг олгож байна. Энэ нь ирээдүйн боловсон хүчнийг чадавхжуулах, залуусыг эх оронч сэтгэлгээтэй болгон төлөвшүүлэхэд чухал алхам болж байна.