Монгол Улсын ууган үйлдвэр Сүү ХК-аас хэрэглэгчдэдээ зориулан 2024 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс 2025 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн хооронд “Байртай сүү” хонжворт хөтөлбөрийг зарласан. Хөтөлбөрийн хүрээнд Шимт болон MILK брэндийн тетрапак савлагаатай сүүг худалдан авсан хэрэглэгчдийн дунд хонжвор зарлан 48 бэлгийн азтаныг шалгаруулсан байна. Тэгвэл тус хонжворт хөтөлбөрийн супер азтан буюу хоёр өрөө байрны азтанд өнөөдөр 2 өрөө байрны түлхүүрийг гардуулан өглөө.
Түлхүүр гардуулах арга хэмжээ Сүү ХК-ийн байранд болж, Энэ үеэр азтанаар тодорсон Сүрэнхорлоогийн Болор-Эрдэнийн сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Үгээр илэрхийлэхийн аргагүй маш их баярлаж байна. Би Баянхонгор аймгийн уугуул иргэн. Эрдэнэт хотод нүүн шилжээд нэгдсэн эмнэлэгт 20 гаруй жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Сүү компанийн сүүнээс худалдан аваад цайгаа сүлж уугаад л азтан болчихлоо. Үнэхээр их баяртай байна. Тухайн үед сэтгэл хөөрөөд үг ч гарахгүй байсан. Азтан болчихлоо гээд л бодчихсон чинь сэтгэл хөөрөөд л тогтож өгөхгүй, гэр бүлийнхэн маань бүгд л баяртай хүлээж авсан” гэлээ.
“Байртай сүү” хонжворт хөтөлбөрийн азтан Эрдэнэт хотоос тодорсон бөгөөд азтаны баярт мөчийг хуваалцахаар түүний охин Б.Бүрнээбаяр байрныхаа түлхүүрийг гардан авахаар ээжтэйгээ цуг иржээ. Мөнхүү азтаны охин Б.Бүрнээбаяр сэтгэгдлийг нь хүргэе.
Азтан болсноо мэдээд хэрхэн хүлээж авав?
Ээжийгээ залгаж энэ тухай хэлэхэд итгэж өгөхгүй байсан. Сэтгэл хөөрөөд, догдлоод хөл газар хүрэхгүй баяртай явсан. Одоо л яг 100 хувь итгэж байна.
Сүү худалдан авах үедээ урамшуулалт худалдаа зарласан байсныг мэдэж байсан уу?
Би сайн мэдээгүй. Ээж маань мэдэж байсан юм билээ. Телевизээр сурталчилгаа үзээд байнга хэрэглэдэг сүүгээ авангаа азаа үзэхээр бүртгэл үүсгэсэн байсан. Тэгээд байр хожлоо гэхээр нь итгэхгүй лайвыг нь нөхөж үзсэн. Үзээд байгаа хэр нь итгэж өгөхгүй нээрээ байрны азтан болчихсон юм байхдаа гэж бодоод дахин дахин үзсэн. Бүр өөрийгөө чимхэж хүртэл үзсэн.
Яг одоо түлхүүрээ гардан аваад зогсож байх мөчид ямар сэтгэгдэл төрж байна вэ?
Идээний дээж сүү гэж ярьдаг шүү дээ. Тэгээд сүүгээ худалдан аваад цайгаа чанаж уугаад, идээний дээж гээд л цай сүүнийхээ дээжийг өргөж байгаад азтан болсондоо туйлын их баяртай байна. Өмнө нь ийм зүйлд итгэдэггүй байлаа. Одоо өөрөө азтан болчхоод зогсож байгаа ч зүүдлээгүй байгаа л гэж бодогдож байна. Үнэхээр үгээр илэрхийлэх боломжгүй тийм их баяр хөөрөөр дүүрэн байна. Маш их бүтээн байгуулалт хийж байгаа Сүү ХК-ийн хамт олонд маш их баярлалаа.
Сүү ХК-ийн байранд 12 өрөө байрны түлхүүрийг гардуулан өгсөн бол Сүү ХК-аас азтанаа дагуулан шинэхэн 2 өрөө байранд нь очиж гэрийн жаврыг нь үргээж, морин хуурч ерөөлчийн хамт хүлээн авлаа.
Тус үйл ажиллагаа дээр Сүү ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга хэлэхдээ:
Бид жил бүр хэрэглэгч, харилцагчдын дунд урамшууллын хөтөлбөрүүдийг зарладаг: Энэ жилийн хувьд өндөр ач холбогдол өгч, их төсөв баталж, “Сүү” ХК-ийн бүтээгдэхүүнийг өдөр бүр хэрэглэдэг хэрэглэгчдэдээ зориулсан хонжворт хөтөлбөр зарлаад, хоёр өрөө шинэ байрыг азтандаа гардуулж байна. Хөтөлбөрт нийт 220 мянган хэрэглэгч оролцлоо. Зөвхөн хоёр өрөө байраас гадна дээр дурдсан олон бэлэг, урамшууллыг хэрэглэгчдэдээ өгсөн гэж онцоллоо.
Сүү ХК нь 2024 оны сар шинийн баярын босгон дээр “Машинтай хэрэглэгч” хонжворт хэрэглэгч хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн , PRIUS 30 маркийн автомашины азтан тодруулж байлаа. Энэ жилийн сар шинийн босгон дээр үнэнч хэрэглэгчдээ шинэхэн 2 өрөө байрны түлхүүрийг гардуулан өгсөн бэлгэшээлтэй үйл явдал боллоо.
Ард түмнийхээ төлөө сүүн соёл түгээн ажилладаг Сүү ХК-ийн хамт олондоо талархал илэрхийлье.