Архинаас хамааралтай гэмт хэргийг бууруулах, согтууруулах ундааны хэрэглээг багасгах зорилго дор "АРХИНД ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЬЕ" нөлөөллийн аяныг Өмнөговь аймагт өрнүүлж байна. Өмнөговь аймагт өнгөрсөн 2019 онд 146 гэмт хэрэг, 1009 зөрчил согтуугаар үйлдэгдсэн байдаг. Түүнчлэн 1420 иргэн эрүүлжүүлэгдсэнээс 83 нь эмэгтэй, 12 нь насанд хүрээгүй хүүхэд байсан нь архины хэрэглээ ихсэж, архины хамааралтай гэмт хэрэг зөрчил нэмэгдсэнийг харуулж байгаа юм. Уг аян 3-р сарыг дуустал үргэлжлэх бөгөөд албан байгууллага, иргэдийг архинаас татгалзаж, архины хэрэглээг багасгаж түүнд хамааралтай гэм хэрэг зөрчлийг бууруулахад хамтран ажиллахыг уриалж байна.
Өмнөговь аймаг 69902 хүн амтай. Архи зарах зөвшөөрөл бүхий ААН 361 байдаг. Өөрөөр хэлбэл 190 хүнд 1 архи зарж худалдаалах цэг ноогдож байгаа юм. 2019 онд 299 иргэн архины хордлогын эмчилгээ хийлгэсэн гэсэн статистик мэдээллээс харахад архины хэрэглээг бууруулах, архидан согтуурах донтолтоос сэргийлэх, үүнээс үүдэлтэй гэмт хэргийг бууруулах нэн тэргүүний шаардлага байгаа юм. Зөв хүн, зөв гэр бүл, зөв ирээдүйн төлөө Өмнөговьчууд архинд үгүй гэж хэлье нөлөөллийн аянд идэвхитэй нэгдэж байгаа аж..