Цаг үеийн мэдээ

ЯРИЛЦЛАГА

        Монгол түмний эрхэм  төрт ёсны баяр бол “Цагаан сар” буюу сар шинийн баяр билээ. Үндэстэн нийтээр сар шинийн баяраа элбэг дэлбэг, өнгөтөй өөдрөг сайн сайхан бүхнийг бэлгэшээн, муу муухайг цээрлэн, урин дулаан цагийн эхлэл хаврын эхэн сард  тэмдэглэж ирсэн уламжлал буй.  Сайн сайхан бүхнийг хэлэлцэж, амны билгийг дээдлэх энэ л өдөр Зөгий.мн сайт гарч буй жилийн эхний зочноор Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн Хамба Д.Чойжамцыг хүндэтгэн урилаа.

Зө.мн: - Амгалан байна уу та? Танд сар шинийн мэнд хүргэе.

Д.Чойжамц: - За гялайлаа. Та бүхэнд сар шинийн мэнд хүргэе.

Зө.мн: -  Сар шинийн баяр бол яахын аргагүй Монгол түмний үндэсний их өв уламжлал юм.  Харин үндэсний өв соёлд чухам юуг хамруулах вэ?

Д.Чойжамц: - Монголчууд бид хэдэн мянган жилийн уламжлалтай, тэр нь өдгөөг хүртэл хадгалагдаж үр хойчдоо уламжлагдсаар ирсэн ард түмэн. Олон мянган жилээр өртөөлж ирсэн түүхийн өв соёл бидэнд тэгтэл ил харагдахгүй ч Монголчууд бидний биед шингэсэн байгаа. Энэ л бидний онцлог болж Би Монгол хүн хэмээх шинж төрхийг тодруулдаг юм даа.  Цагаан сар, эрийн гурван наадам бол бидний хаана ч давтагдахгүй том өв соёл юм. Энэ л баяраа бид өв уламжлалын дагуу бэлэг дэмбэрэл дүүрэн тэмдэглэх ёстой юм.

Зө.мн: -  Битүүний өдөр маш чухал зан үйлийг хийдэг шүү дээ. Энэ өдөр ямар ёс жаягийг үйлдэх вэ?

Д.Чойжамц: - Битүүний өдөр бол 365 хоногийн хамгийн сүүлийн өдөр сар явсаар багасаж хавирган сар болж сүүдэр нь битүүрээд ирдэг. Мөн энэ өдөр жил болон тухайн сарын сүүлийн өдөр.  Ер нь их сайхан өдөр шүү дээ. Та бидний 365 хоног энэ ертөнц дээр  амьд сэрүүн, жаргалтай сайхан байж, ололт амжилтаа тодорхойлох баярын өдөр. Ингээд бодохоор бид хуучин оныхоо хамгийн сүүлчийн  өдрийг тэмдэглэдэг сонин ард түмэн юм. Битүүний орой үл ойлголцсон бүхэн хөөрөг зөрүүлснээр цагаадаж,  муу бүхэн хуучин ондоо үлддэг.  Нар уулын цаагуур дөнгөж оронгуут бог малаа хотлуулж,  тахиа буюу 21:40-23:40 цагийн хооронд хүндэтгэлийн ширээндээ идээ будаагаа засна. Үүний дараа тухайн айлын гэрийн эзэгтэй шинийн 1-ний өглөө өмсөх хувцас зэргийг бэлтгэж тавьдаг уламжлалтай. Мөн идээ битүүлгийн хойно гэрийн эзэгтэй долоон бурхан одонд залбирч, сүү өргөх ёстой. Битүүнд уурлах, архи уух, угаасан хувцас гадаа хонуулах, хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэдэг. Малыг цадтал нь идэшлүүлж, нохойг сайн хооллох учиртай. Битүүний шөнө уур дуугаргаж утаа гаргасан тоонот өргөөтэй, тотгот босготой ямар ч хүн заавал гэртээ хонодог.

Зө.мн: -   Шинийн нэгний өглөө заавал үйлддэг уламжлалт ёс юу байдаг бол?

Д.Чойжамц: -  Шинийн нэгэн бол дараагийн 365 хоногийн эхлэл өдөр. Энэ өдрийг ямар угтана тэр жилдээ тэр жилдээ тийм л байна гэсэн үг. Шинийн нэгний өглөө 5:40-7:40 цагийн хооронд босох ёстой бөгөөд чадаагүй бол тэр жилийн сүлд хийморь тэнэж оддог. Шинийн 1-ний өглөө өрхийн тэргүүн болон бүстэй хүүхэд зүгээ гаргадаг уламжлалтай юм.

Энэ өдөр идээ цагаагаар элбэг дэлбэг байж, цэвэр сайхан малгай хувцсаа өмсөж, хамгийн чухал нь үгийн сайхныг хэлэлцэж байх ёстой юм.  Мөн ирсэн гийчидтэйгээ хөөргөө зөрүүлж гарч буй жилдээ эв найртай байхаа бататгаж буй нь тэр юм даа. Ер нь сар шинийн баяр тэр чигээрээ амар мэндээ мэдэж, сайхан бүхнийг ярилцаж, хэлийн ариуслаас сэтгэлийн ариусалд хүрдэг сайхан өв соёлыг хадгалсан баяр юм.  

Зө.мн: - Зарим айл битүүний үдэш тотгон дээрээ мөс байрлуулж Лхам бурхны хүлгийг ундаална гэдэг шүү дээ? Энэ үйлийг айл бүхэн үйлдэх ёстой болов уу?

Д.Чойжамц: -  Орон хийд, айл бүр Лхам бурхан тахидаг. Лхам бурханд дараагийн жилээ даатган мөргөж  тотгон дээрээ гурван мөс тавьдаг. Лхам бурхан сүсэгтэн болгоныг даадаг бурхан юм. Тиймээс болвол айл бүр тэтгэдэг бурхныхаа хүлгийг ундаалвал зүйтэй юм.

Зө.мн: - Гарч буй төмөр Хулгана жилийн өнгийг та юу гэж харж байна даа?

Д.Чойжамц: -   XVII жарны Төмөр Хулгана жил эхэлж байна. 17 удаа жаран давтагдсан байна шүү дээ. Хувьтай хүн хулгана жил үзнээ гэж сайхан үг байдаг.  Хүн аливаа зүйлийг яаж харна тийм л байдаг. Тэгэхээр хулгана жил эх орон ард түмний минь хувьд таатай сайхан жил гарч байна даа. Ер нь юу юунаас илүү хүн өөрөө их эрхэм зүйл юм.  Хүнд хамгийн эрхэм зүйл бол урт нас. Ганцхан өөрөө биш гэр бүл, ард түмнээрээ урт наслах хэрэгтэй. Хэчнээн баялаг эд хөрөнгө, мөнгө төгрөг байгаад нэмэр бага юм. Өвдөж хавдаад байвал яагаад ч жаргалтай сайхан байхгүй. Тиймээс өвчингүй байхын төлөө хичээх ёстой юм.

Зө.мн: - Танд баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Урт насалж удаан жаргаарай!

Д.Чойжамц: -  За гялаалай. Монголчууд минь сар шинээ сайхан тэмдэглэж, бэлэг дэмбэрлээ бодож, өвөгдөө хүндэлж, бага залуусаа асарч, урт настай удаан жаргалтай, улс орондоо нэмэртэй, өөрийн амьдралыг ахиулсан сайхан жил гаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

 

Таны сурталчилгаа