Австралийн уугуул абориген үндэстэн Яррака Бэйлес 9 настай Куаден хүүгийнхээ бичлэгийг нийгмийн сүлжээнд тавьсан нь олон хүнд хүрсэн билээ.
Бичлэгт төрөлхийн өсөлтийн эмгэгтэй хүүг ангийнх нь хүүхдүүд хэрхэн гадуурхаж дээрэлхдэг тухай хүү уйлан ярьж байсан. Амиа хорлохыг хүсэж байгаагаа нулимс дуслуулан ярьсан хүүгийн бичлэгийг үзсэн хүмүүс түүнд хүчтэй, зоригтой байхыг ерөөж байв.
Мөн сайхан сэтгэлтэй нэгэн түүнийг Диснейландад аваачих зорилгоор хандив цуглуулж эхэлсэн юм. Тэгвэл нэгэн гайхамшигтай үйл явдал болж хүүгийн хүсэл мөрөөдөл биелжээ.
Учир юу хэмээвээс Австралийн Рэгбигийн үндэсний холбоо өчигдөр хүүг урьж Бүх оддын тэмцээнээ нээлгэсэн байна. Куадены ээж хүүгээ үргэлж регби лигийн од болохыг мөрөөддөг тухай өгүүлсэн юм.