Япон Улсад үйлдвэрлэгдсэн оношлуураар шинэ коронавирусын халдварыг илрүүлэх оношилгоог Монгол Улсад хийж байгаа ба өнөөдрийг хүртэл сэжиглэгдсэн 300 гаруй тохиолдолд тус оношлуурыг ашиглаж, Монгол Улсад шинэ коронавирусын халдвартай хүн гараагүй сайхан мэдээтэй байна.
Дэлхий даяар маш хурдацтай тархаж, 40 гаруй оронд халдвар тээгч илрээд байгаа энэ үед тус өвчний халдварын голомт БНХАУ-тай 4700 км хуурай газраар хиллэдэг Монгол улсад шинэ коронавирусын халдвар ороогүй гэдэгт эргэлзэж байна. Монголчууд илрүүлж чадахгүй байгаа юм биш үү гэсэн эргэлзээ иргэдийн дунд ам дамжин яригдаж байгаа нь нууц биш зүйл.
Иймд эрүүл мэндийн салбарынхан оношлуурын үр дүнг туршилтаар шалгасан байна. Тодруулвал амьсгалын замын цочмог халдварын 60 тохиолдолд шинэ коронавирусын оношилгоог тус багажаар давхар хийсэн байна. Ингэхдээ түүврийн аргаар шатлалын эмнэлгүүдэд эмчлүүлж байгаа хүнд, хөнгөн өвчтнүүдэд оношилгоог хийхэд шинэ коронавирусын халдвар илрээгүй байна. Тиймээс оношлуур үнэн зөв хийгдэж байна гэж ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл мэдэгдэж байна.
Эрүүл мэндийн яам