Сүүлийн жилүүдэд Монгол Улсад импортоор орж ирж буй тээврийн хэрэгслүүдэд эвдрэлтэй, осолд орсон суудлын автомашины эзлэх хувь өсөж, тэдгээр эвдрэл, гэмтэлтэй тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийсний дараа борлуулах явдал ихэссэн.
Тиймээс Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 376 дугаар тоот тушаалаар “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулжээ.
Журмын өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Япон Улсын Авто үнэлгээ, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Энэхүү гэрээ нь 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжих бөгөөд гэрээний дагуу Япон Улсаас импортоор орж ирж буй авто машинд техникийн хяналтын үзлэг хийсний дараа Монгол Улсад экспортлох юм.
Ингэснээр авто машины мэдээллийг ил тод, нээлттэйгээр мэдээллийн нэгдсэн санд байршуулж, ард иргэд өөрийн сонирхож буй авто машины арлын дугаарыг оруулснаар тээврийн хэрэгслийн бодит мэдээллийг авах боломжтой аж.
Мөн хэрэглэгч автомашины нөхцөл байдлыг тодорхой мэдсэнээр тохиромжтой үнээр худалдан авах нөхцөл бүрдэж, хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, эдийн засаг, хувийн өмчийг хамгаалах, зам, тээврийн осол буурахад бодит нөлөө үзүүлэх юм.
Энэхүү техникийн хяналтын үзлэгийг Монгол улс руу автомашин экспортлож буй бусад улс орнуудад шат дараатайгаар хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
2019 оны байдлаар Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаагаар авч үзвэл:
0-3 жилийн насжилттай автомашин 3.2%
4-6 жилийн насжилттайавтомашин 3.1%
7-9 жилийн насжилттай автомашин 16.8%
10 ба түүнээс дээш жилийн насжилттай автомашин 76.9%-ийг тус тус эзэлж байна.