Жолооч хэмээх хариуцлагатай алба, үүргийг гүйцэтгэж, бартаа саадтай замыг ур чадвар, мэдрэмжээрээ туулж, зорьсон газарт нь аюулгүй хүргэдэг жолооч нарын санаа, бодлыг сонсож, тэдний ажил үйлчилгээг олон нийтэд хүргэх зорилгоор бид нэгэн эрхмийг урилаа. Энэ хүн бол аймгийн Засаг даргын жолооч Энх-Амгалангийн Мөнхбат юм.
Танд энэ өдрийн мэнд хүргэе! Уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Э.Мөнхбат гэдэг. Бүрэнтогтох суманд 1971 онд төрсөн. Энэ суманд бага насаа өнгөрүүлж, Баянзүрх, Цэцэрлэг, Мөрөн сумын сургуулиудад сурч төгссөн. 10-р ангиа төгсөж, Улаанбаатар хотод хоёр жилийн цэргийн алба хаагаад 1994 оноос тасралтгүй жолооч хийж явна.
Өнөөдөр таны ажил хэрхэн өнгөрөх төлөвлөгөөтэй байна вэ?
-За өнөөдрийн хувьд гадуур явах ажил багатай байх төлөвтэй. Учир нь аймгийн удирдах ажилтны цугларалт, үр дүнгийн гэрээ байгуулах ажлууд дотор явагдаж байна. Тэгэхээр машиндаа ойр зуур юм хийхийн зэрэгцээ ажлынхаа бэлэн байдалд байж байгаа нь энэ. Хэдийгээр дарга гэрээ хийх, дотоод ажилтай байгаа ч гэнэт зарим газрын үйл ажиллагаатай яаралтай очиж танилцах, шийдвэр гаргах ажил гараад ирдэг. Тэгэхэд нь би бэлэн байх учиртай.
Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?
–1995 онд Бүрэнтогтох сумын Засаг дарга Б.Энх-Амгалан гуайн жолоочоор ирж байв. Тэр үеэс эхлэн өнөөдрийн хүртэл 29 жил жолоочийн хариуцлагатай үүргийг гүйцэтгээд явж байна. Ер нь даргын жолоочийн ажил өндөр хариуцлагатай алба. Машины бүрэн бүтэн, бэлэн байдал, нэмэлт дугуй болон дөрвөн дугуйныхаа хий тааруулах, хэмжих гээд нарийн ажиллагаа, анхаарал, болгоомжлол их шаарддаг. Шатахууны тооцоолол, газрын баримжаа, хурд гээд дурьдах зүйл их байна. Энэ бүхнийг хариуцаж ажиллах нь миний үүрэг л дээ. Үүргээ сайн биелүүлж, хангахын тулд мэдлэг, чадвар, олон жилийн дадлага, туршлага их хэрэг болдог. Бүхэл бүтэн аймгийн удирдлага, тэргүүний амь нас, аюулгүй байдлыг хариуцна гэдэг бас л том ажил.
Машин тань таны ажлын байр юм. Тэгэхээр амьдралынхаа ихэнх хугацааг машиндаа өнгөрөөдөг үү?
–Ер нь тэгж ойлгож болно. Даргын ажил хэзээ дуусна тэр цагт гэртээ харина. Энэ машин, дарга, бид хоёрын амьдардаг хоёр дахь гэр. Машины ард бид хоёрын ээлжийн хувцас, мишок, ойр зуурын ахуйн хэрэглэл байгаа. Аймгийн Засаг дарга, жолооч хоёроос гадна гэр бүлүүд маань биднийг хэзээ тарж ирнэ тэр хүртэл хүлээгээд байж байдаг. Хамгийн бага хугацаанд ажиллах үе нь 12 цаг байдаг. Өдөр, өдрийн ажлын төлөвлөгөө, хуваарь бий. Түүнийгээ дагаад бэлэн байдлаа хангаж, машинаа халаах, түлшээ шалгах гээд зүгээр суухгүй ээ.
Хөвсгөл аймгийн сумдын зам харгуй өмнөхөө бодвол сайжирсан болов уу? Жолооч нарт зам зуурын бэрхшээл их таарна биз?
–Өмнөх үеийг бодвол машин техникийн туулах чадвар сайжирсан, саад бэрхшээл ч бага болсон. Даваа, гүвээнүүдийг байнгын засаж байна. Цас, зудтай үед түрж арилгах гээд сайжруулсан замууд бий болжээ. Ер нь бид баталсан, маршрутын замаар явах ёстой. Тэрнээс биш мөсөн зам ч юмуу эрсдэл өндөртэй замаар явдаггүй.
Аймгийн Засаг даргын хамгийн их ачаалалтай улирал нь ямар улирал байдаг вэ? Тэрхүү ажлыг дагаад таны ачаалал ч нэмэгдэнэ биз дээ?
–Бүх улиралд ачаалал өндөртэй ажилладаг. Зуны улиралд ачаалал багасчихдаг гэж бодох нь өрөөсгөл ойлголт. Ямар их ажилтай байдаг юм бэ гэж боддог шүү ах нь. Цаг зав тун ховор, сэтгэл, толгой хоёроо амраадаггүй юм байна гэдгийг ойлгосон. Манай дарга машиндаа сууж явах үедээ ч ажлаа яриад, тэр ажлыг яаж хийх үү, олонд тус дэмийг нь хэрхэн хүргэх үү гээд тал талын эргэцүүлэл дунд явдаг. Замд ямар л саад, бэрхшээлтэй зүйл байна түүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гээд л байнга бодно, ярина.
Олон даргын жолооч хийхээр тэдний зан араншин, ажлын хуваарьт тааруулаад сурчихсан уу?
–Тэгэлгүй яах вэ. Хүн бүр адилгүй. Намуухан зөөлөн, ширүүн, дуугүй гээд янз бүрийн ааш, зангийн тун хэмжээг тааруулаад жолоочийнхоо үүргийг л чимээгүй биелүүлээд явчихдаг. Өөр ямар хэрэгтэй гэж. Шаардлагатай үедээ л дарга нартайгаа харьцана. Тэгэхээр тэр хүмүүс ямар ч зан ааштай байсан надад мэдрэгдэхгүй өнгөрнө. Гол нь мэдрэмжээрээ л зохицуулаад явахад асуудал үүсэхгүй.
Аймгийн Засаг даргын жолооч байна гэдэг гэр бүлийн гишүүнээс нь өөрцгүй болчихдог биз дээ?
–Ихэнх цаг хугацааг хамтдаа өнгөрүүлдэг. Тийм учраас тэр хүнд ямар зовлон, жаргал тохиолдож байна гэдгийг хараад л мэдчихнэ. Бас хэрхэн ажиллаж, өлсөж, ядарч байгааг нь харж, хамт ажиллаж байгаан хувьд гэр бүлийн гишүүнээс ялгарах юм байхгүй болчихдог. Юу идэж уудаг вэ гэдгийг нь нэг бүрчлэн мэднэ. Манай даргын хувьд гурилтай шөлөнд их дуртай. Өөр элдэв хоол унд идээд байдаггүй. Хувь хүний хувьд сайхан сэтгэлтэй, энгийн хүн. Хамгийн гол нь хэнийг ч ялгахгүй харьцдаг, асуудлыг нь шийддэг. Хүн болгонд туслахыг хичээдэг. Амьдрал, амьжиргааны түвшин доогуур байгаа хүн бүрт тусалчих юмсан. Сум, орон нутгийн асуудлуудыг ингээд шийдвэрлэчихвэл иргэдэд маань хэрэгтэй юм гээд л ярьж явдаг хүн. Хүний төлөө санаа тавьж, тэр бүх зүйлд өөрийгөө зориулж яваа нь сайхан санагддаг.
Засаг даргынхаа ажлыг энгийн хүний нүдээр дүгнэж хэлбэл?
–Би өмнө гаднаас нь хардаг байсан болохоор сайн мэддэггүй байж. Зарим хүмүүс ч тэгж харна. “Юу хийдэг юм. Нэг өрөөнд ороод суучихдаг, эсвэл машин хөлөглөөд явж байдаг гэж боддог”. Дотор нь ороод ирэхээр огт өөр юм байна. Төрийн ажил гэдэгэ цаг, наргүй дуусдаггүй ажил байдаг юм байна. Төр, ард түмний төлөө хөдөлмөрлөж байгааг нь харахаар 24 цаг ч багадахаар. Хэтэрхий их өөрийгөө ядраадаг. Заримдаа хажуунаас нь “та өөрийгөө бодмоор юм биш үү” гэж хэлмээр ч санагддаг. Гэр бүл, өөртөө цаг гаргах хэрэгтэй юм даа гэж боддог. Засаг даргын ажил барагдахгүй нүсэр юм байна. Ер нь манай дарга түр амсхийх хугацааг машиндаа л авдаг. Суугаад үе үе дугхийхийг нь хараад их ядарч байгааг нь мэдэрдэг. Энэ үед би аль болох цочоож сэрээхгүй хэсэг амраачих юмсан гэж бодон зөөлөн явж, хөгжим дуу тавьдаггүй.
Таныг хүмүүс "Нүд Мөнхөө" гэх юм?
–Бага байхдаа их том алаг нүдтэй байлаа. Одоо ямар юмных нь алаг байхав /инээв/. Цэцэрлэг, сургуульд байхад ангийн хүүхдүүд алаг нүдэн гэж нэрлэдэг байсан. Тэр чигтээ энэ нэр салахгүй явсаар сүүлдээ нүд Мөнхөө боллоо. Би аав, ээжээсээ тавуулаа. Ээж минь алаг нүдтэй хүн. Ээжийгээ дууриасан шиг байгаа юм. Ах нь айлын ууган хүүхэд.
Таны аав, ээж юу хийдэг хүмүүс байв?
–Миний аав насаараа төрд ажилласан Б.Энх-Амгалан гэж хүн байсан. Ээж минь банк, сургуульд нярав хийдэг байв. Би хэдэн дүү нартаа том ахын үүргийг сайн биелүүлж ирсэн. Тэр үед аав, ээж хоёр өглөө яваад, орой хальт ирчихээд буцаад явчихдаг байлаа. Дүү нартаа хоол унд хийж өгөх, хувцас хунарыг нь угаах гээд ахын ажил дуусахгүй л өрнөдөг байсан. Нутгаасаа бага байхдаа гарсан ч зуны амралтаар өвөө, эмээ дээрээ очиж амардаг байсан. Дэлгэрмөрөний усанд зун шумбаж, өвөл гулгаж хүүхэд насаа өнгөрөөсөн. Манай гэрийн хашааны араар цас шуураад хашаатай чацуу болчихдог. Түүн дээрээс чаргаар гулгадаг байлаа. Нутаг минь их сайхан. Хааяа хот руу явчихаад буцаж аймаг руу орж ирэх үед манай нутаг цэлийж харагддаг. Заримдаа сэтгэл гэгэлзэнэ. Бага насаа дурсана...
Танд баярлалаа. Алтан шар зам тань өлзийтэй байж, санасан бүхэн нь бүтэхийн ерөөл дэвшүүлье.
–Анх удаа ярилцлага өгч байна. Олон мянган жолооч нарын төлөөлөл болгон ярилцлага авсан та бүхэнд баярлалаа. Жолооч хүн маш хариуцлагатай алба үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс бүх жолооч нартаа эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.