Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус коронавирусийн халдвартай хүнтэй харилцсаныхаа дараа өөрийгөө тусгаарлажээ. Энэ талаар тэрбээр өөрийн Твиттертээ бичсэн байна.
"Covid-19-ийн шинжилгээний хариу нь эерэг гарсан хүнтэй би харилцсан байна. Миний биеийн байдал сайн, өвчний шинж тэмдэг илрээгүй ч би ДЭМБ-ын протоколын дагуу өөрийгөө тусгаарлаж гэрээсээ ажиллах болно" хэмээн бичжээ. Түүнчлэн тэрбээр коронавирусийн тархалтын эсрэг бүхий л шаардлагыг биелүүлэх хэрэгтэй байгааг тэмдэглэсэн байна.
Коронавирусийн цар тахал эхэлснээс хойш дэлхий даяар 46 сая хүн халдвар авч, нийт 1.19 сая хүн нас бараад байна.
Эх сурвалж: ТАСС