Цаг үеийн мэдээ

 Өнгөрсөн долоо хоногт Шадар сайдын ивээл дор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас санаачлан “Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо”-той хамтран “БИД ХЭРЭГЛЭГЧ” хэлэлцүүлэг Төрийн ордонд болсон билээ. Тус хэлэлцүүлгийн үеэр Шадар сайд Я.Содбаатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийн асуудлаар нийтийн тээвэр, явган хүний зам, барилга байгууламжийн стандарт, нөхцөл байдлыг шалгах үүрэг даалгавар өгсөн. Тус үүрэг даалгаврын хүрээнд 10 сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт маршрут гаргаж өрхийн эмнэлэг, хороо, халамжийн газар, мөн нийтийн тээвэр/автобусаар/ зорчих, үйлчлүүлэхэд ямар хүндрэл гардаг тухай бодит байдалтай нь танилцлаа. Хяналт шалгалтын үед цаасан дээр буусан стандарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамаардаггүй, огт хэрэгждэггүй, байдаггүй болох нь өрхийн эмнэлэг, хороо, нийтийн тээврээр үйлчлүүлэхэд харагдаж байлаа. Тухайлбал тэргэнцэртэй иргэдийн зорчих зам талбай, орж гарах хаалганы өргөн гээд бүгд стандартын бус байсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон юм.

 

            Иймд Төрийн үйлчилгээний анхан шатны байгууллагууд эхний ээлжид холбогдох хууль тогтоомжийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд бусдын адил тэгш үйлчилгээ авдаг болгох, өдөр тутамд тулгардаг энэ асуудлуудыг нэн даруй шийдвэрлэхийг Шадар сайдын ажлын алба болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас чиглэл өгч ажиллаа. 

            Тус хяналт шалгалтад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Шадар сайдын ажлын алба, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Нийслэлийн хотын стандарт орчин байдлын хяналт зохицуулалтын газар, Нийслэлийн авто тээврийн хөгжлийн газар, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар, Тэргэнцэртэй иргэдийн холбоо зэрэг байгууллагуудын  төлөөллүүд оролцлоо. Хяналт шалгалтын үр дүнг эргэн мэдээллэх  болно. 

Таны сурталчилгаа