Цаг үеийн мэдээ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит цагдаагийн байгууллагын "Шилдэг хэсгийн төлөөлөгч-2020" тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2020.11.03/ боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Дэд сайд С.Баатаржав, мөн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, "Шилдэг хэсгийн төлөөлөгч-2020" тэмцээний ажлын хэсгийн ахлагч Э.Энхтуяа, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо болон бусад удирдлага, алба хаагчдын төлөөлөл оролцов.

Уг тэмцээн нь нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих, хэсгийн төлөөлөгчийн мэдлэг, ур чадвар, ажлын үр дүнг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх шинэлэг арга тактикт суралцах, үйл ажиллагааг нь иргэд, олон нийтэд сурталчлан таниулдагаараа ихээхэн ач холбогдолтой байна.

"Шилдэг хэсгийн төлөөлөгч” шалгаруулах арга хэмжээний нэгдүгээр шатыг улсын хэмжээнд ажиллаж байгаа 301 хэсгийн төлөөлөгчдийн дунд 18 аймгийн цагдаагийн газрууд дотооддоо зохион явуулж, хоёрдугаар шатанд шалгарсан 22 хэсгийн төлөөлөгчийн материалыг ажлын хэсэгт ирүүлсэн. Ийнхүү гуравдугаар шатны шалгаруулалтад 21 алба хаагч шалгарсан бөгөөд, гурван өдрийн турш мэдлэг, ур чадвараараа өрсөлдөж, шилдэгээ 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тодруулах юм. 

 

Хуваалцах 

Таны сурталчилгаа