Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай тэргүүтэй ЗХЖШ-ын I орлогч дарга бригадын генерал С.Ганбямба, БХЯ-ны БХЗГ-ын дарга хурандаа Б.Түвшинтөр, ЗХЖШ-ын Материал техникийн газрын дарга бригадын генерал М.Мөнхбаяр нарын албаны удирдлагууд өнөөдөр Зэвсэгт хүчний 310 дугаар ангид ажиллав. Тус ангийн захирагч хурандаа Н.Бат-Эрдэнэ ангийн товч танилцуулга, үйл ажиллагааны чиглэл, онцлог, үүрэг гүйцэтгэлт, цэргийн сургалт бэлтгэл, өдөр тутмын үйл ажиллагаа, өнгөрсөн онд хийсэн зарим бүтээлч ажил, тулгамдсан асуудал, цаашид хийхээр төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл өглөө.
“Цэрэг хаана-Бид тэнд” уриатай Зэвсэгт хүчний 310 дугаар анги нь Улаанбаатар цэргийн хүрээний анги, салбаруудыг хүнс, хувцас хэрэглэл, эмнэлгийн хангалт, авто хуягт техник, барилга, орон сууцны материал хангалтын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өдөрт 150-170 хүн хүлээн авах хүчин чадал бүхий “Найман шарга” амралтын газар, 8 га газар бүхий Мод үржүүлгийн сургалтын төв болон Хөдөө аж ахуйн экологийн алба, эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг зэргээрээ онцлогтой анги юм.
Ангийн удирдлага уулзалтын үеэр тус ангид тулгамдаад байгаа хэд хэдэн асуудлыг хөндлөө. Тухайлбал, тус ангийн тавиулан, Цагаандаваа, Хужирбулангийн обьектууд гэр хороолол, айл өрхийн дунд байрладаг нь ангийн аюулгүй байдал, үүрэг гүйцэтгэлт, бэлэн байдалд сөргөөр нөлөөлдөг, мөн барилга байгууламж, агуулах нь насжилт өндөр, ашиглалтын хугацаа дууссанаас материал хэрэгслийн хадгалалтын чанарыг хангадаггүй талаар дуулгасан бөгөөд Налайх дахь нөөцийн обьектод ангийг нүүлгэн шилжүүлэх, ангийн агуулахын дээврийг яаралтай засварлах талаар саналаа танилцуулав. Батлан хамгаалахын дэд сайд харьяаллын олон обьектуудаа зөв зохион байгуулах, үйл ажиллагаандаа менежменттэй хандах, байгаа зүйлдээ эзний сэтгэлээр хандах, тулгамдсан асуудлаа шат дараалан шийдэх талаар чиглэл өглөө. Түүнчлэн удирдлагууд “Ахлагч” хотхон болон Налайх дахь нөөцийн обьект болон Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцсан юм.