Цаг үеийн мэдээ

Хувилбар-1 : Цэргийн хүчний шалтгаан

Азовсталь бол ЗХУ-н үед баригдсан асар том үйлдвэр бөгөөд түүний доор олон салаатай харилцаа холбооны систем бүхий газар доорх хот байдаг. Зарим мэдээллээр түүний бүтэц нь цөмийн цохилтыг ч тэсвэрлэх чадвартай гэсэн байна.

Уг үйлдвэрийг Украины цэргийн томоохон, сайн бэлтгэгдсэн бүлэг хамгаалж байна.  Хамгаалагчдад ямар зэвсэг, сум, хүнсний нөөц байгаа талаар мэдээлэл байхгүй.  Нөгөөтээгүүр, бүслэгдсэн хүмүүс далайд гарах боломжтой, улмаар хязгааргүй усны нөөцтэй (далайн усыг ууршуулах замаар ууж болно).

Явган цэргийн ангиудын хүчээр ийм бэхлэгдсэн газар руу довтолгоо хийх нь үр дүнгүй олон хоног үргэлжилж, их хохирол амсах магадлалтай юм. 

Одоо Оросын цэргийн командлал цэргүүдийн нэг хэсгийг өөр чиглэлд татахаар төлөвлөж байгаа бөгөөд үлдсэн хэсэг нь Азовсталийг бүсэлж хүч, хүнсний хангамж, эсэргүүцэх нөөцөө шавхтал буудаж, бөмбөгдөлтийг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

Хувилбар-2: Улс төрийн шалтгаан

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Оросын халдлага  Мариуполь хотын энгийн иргэдийг хохироож байна, Оросын арми зорилгодоо хурдан хүрч чадахгүй байгааг харуулж байна гэж мэдээлэх болсон. 

АНУ-ын засгийн газрын агентлагуудын эх сурвалжаас иш татан CNN мэдээлснээр Путин тавдугаар сарын 9  буюу Ялалтын баяр болоход ямар нэгэн ялалтад хүрэхийг хүсэж байна. Москвад цэргийн парад болдог энэ өдөр Путин өөрийн зарласан "тусгай ажиллагаа" амжилттай болж Мариуполийг чөлөөлсөн гэж зарлахыг хүсэж байна гэж таамаглаж байна.

Мөн Азовсталь руу дайрахаас татгалзсан нь улс төрийн яриа хэлэлцээ хийх боломжийг үлдээж байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Мариуполийн Украины хамгаалагчдыг устгаснаар Оростой хийх хэлэлцээр төгсгөл болно гэж анхааруулсан.

Хувилбар-3 - Эдийн засгийн

Азовсталь бол Европ дахь хамгийн том металлургийн үйлдвэрүүдийн нэг юм.

Дайны өмнө тус үйлдвэр жилд 4 сая тонн ган, 3,5 сая тонн ширэм, 1,2 сая тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байжээ.  Азовсталийн бүтээгдэхүүнийг хөлөг онгоц, гүүр, газрын тос дамжуулах хоолой барихад ашигладаг.  Мөн  Украин дахь галт тэрэгний төмөр зам үйлдвэрлэдэг  цорын ганц үйлдвэрлэгч юм.

Байлдааны үеэр үйлдвэр асар их хэмжээний хохирол амссан ч Москва үнэ цэнэтэй зүйлийг үлдээхээр шийдсэн гэж найдаж байна.

Эх сурвалж: BBC, Русская служба

Таны сурталчилгаа